Трампын сүрдүүлгийн дараа Пентагон 5,000 цэргээ Германаас татах шийдвэр гаргалаа
Ираны дайнтай холбоотой маргааны улмаас Германд байрлуулсан цэргийн хүчээ цөөрүүлэхээр АНУ-ын ерөнхийлөгч хэдхэн хоногийн өмнө сүрдүүлж байсан нь биеллээ олж байна.
Баасан гарагт Пентагон тус улсад байрладаг цэргийнхээ тоог ирэх 12 сарын хугацаанд 5,000-аар бууруулах болсныг зарлажээ.
Өнгөрсөн долоо хоногт Германы канцлер Фридрих Мерц нэгэн арга хэмжээний үеэр АНУ-ын эрх баригчид Ираны талд “доромжлуулж” байгааг хэлж, Вашингтон энэ дайнаа стратеги төлөвлөгөөгүй явуулж байгааг шүүмжилсэн юм.
Пүрэв гарагт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп канцлерын хэлсэн үгэнд бухимдаж байгаагаа илэрхийлэхдээ Германд байрладаг цэргийн хүчээ бууруулж болзошгүйг анхааруулж байв.
АНУ-д Германы хэд хэдэн томоохон цэргийн байгууламж байдаг. Тухайлбал АНУ-ын зэвсэгт хүчний Европын болон Африкийн командын төвүүд, Рамштейний агаарын бааз, Ландстул дахь Бүсийн Эрүүл Мэндийн Төв зэрэг байгууламжууд бий.
Уг эрүүл мэндийн төв нь АНУ-ын хилийн чанадад байдаг хамгийн том эмнэлэг юм.
Эдгээрээс гадна АНУ-ын цөмийн пуужингууд Германд байрладаг. Трампын гаргах 5,000 цэрэг нь Германд одоо байрладаг 36,000 цэргийн 14 хувь юм.
Гэхдээ Трампын сүрдүүлэг шинэ зүйл биш. Эхний бүрэн эрхийнхээ хугацаанд тэр 9,500 орчим цэргээ Германаас татах талаар ярьж байсан ч хэрэгжүүлж чадаагүй. Сүүлд ерөнхийлөгч Жо Байден сонгогдсоныхоо дараахан 2021 онд уг төлөвлөгөөг цуцалж байжээ.
Ираны дайнд тусламж үзүүлээгүй Европын холбоотнууддаа гомдсон Трампын сүрдүүлэг сүүлийн үед улам нэмэгдээд байгаа.
Пүрэв гарагт тэр канцлер Мерцийг “Ираны асуудалд хошуу дүрэхийн оронд Орос-Украины дайныг дуусгах, эвдэрч сүйрсэн улс орноо төвхнүүлэхэд илүү анхаарвал таарна” хэмээн шүүмжилж байв.
Нийтдээ Европ даяар янз бүрийн зорилгоор АНУ-ын 80,000-100,000 орчим цэрэг байрладаг гэсэн тоо бий.
Трамп ийм шийдвэр гаргах нь “нэгэнт тодорхой” байсан гэж Германы батлан хамгаалахын сайд өчигдөр мэдэгджээ.
НАТО-гийн удирдлага Трампын шийдвэрийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахаар ажиллаж байгаагаа мэдэгдсэн байна.
Эх сурвалж: Associated Press
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
