А.Даянтөмөр нарыг БНХАУ-ын иргэнийг хөнөөхөд оролцоогүй гэж үзэн, бусдыг барьцаалсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов

А.Төгөлдөр, iKon.mn
39 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Манай улсад ирсэн БНХАУ-ын иргэнийг буудаж хөнөөсөн хэрэг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 5-ны өдөр гарсан. Уг хэрэгт БНХАУ-ын хоёр иргэн, Монголын хоёр иргэн нийт дөрвөн хүнийг холбогдуулан шалгасан юм.

Анхан шатны шүүхээс БНХАУ-ын иргэн Лиү Бөүвин, Шүй Ханмин нарт бусдыг барьцаалж, амь насыг нь хөнөөн, эд хөрөнгийг нь дээрэмдсэн үйлдэлд нь 25 жил хорих ял оноосон. Харин тэдэнтэй хамтарсан манай улсын иргэд болох А.Даянтөмөрт 18 жил гурван сар, А.Тэнгист 17 жил гурван сар хорих ял оноож шийдвэрлэсэн билээ. 

Тэгвэл амь хохирогчийн аав болон А.Даянтөмөр, А.Тэнгис нарын гаргасан гомдлын дагуу товлогдсон давж заалдах шатны шүүх хурал дөрөвдүгээр сарын 30-нд болов. 

Давж заалдах шатны шүүхээс А.Даянтөмөр, А.Тэнгис нарыг хятад иргэнийг хөнөөхөд оролцоогүй гэж дүгнэн Эрүүгийн хуулийн 10.1 дэх хэсгийн дагуу оноосон 12 жил хорих ялыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ. Харин хүн барьцаалсан хэрэгт оноосон 5-6 жил хорих, хүний эрүүл мэндэд хохирол учруулсан үйлдэлд оноосон зорчих эрх хасах ял шийтгэлийг эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна. БНХАУ-ын иргэн Лиү Бөүвин, Шүй Ханмин нарыг хүний амь бүрэлгэсэн, барьцаалсан, эрүүл мэндэд хохирол учруулсан гэм буруутайд тооцсон шийтгэх тогтоолыг хэвээр нь үлдээв.

Мөн хохирогч өмнөд хөршийн иргэний хууль ёсны төлөөлөгч буюу аавд нь сэтгэцэд учирсан хохиролд тооцож, хэрэг гарах үед мөрдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх 99 сая төгрөг Лиү Бөүвин, Шүй Ханмин нараас тэнцүү гаргуулж олгуулахаар шийдвэрлэжээ. 

Ташрамд дурдахад, А.Даянтөмөр нь Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн төрсөн ах Ц.Арсландоржийн хүү юм.