Ираны тавьсан сүүлийн саналд “сэтгэл дундуур” байгаагаа Трамп мэдэгдэв
Хоёр улсын хоорондын дайныг зогсоох Ираны тавьсан сүүлийн саналд “сэтгэл дундуур” байгаагаа АНУ-ын ерөнхийлөгч Баасан гарагт мэдэгджээ.
Тэрбээр Ираны тавьсан саналыг бараг хүлээж авмагцаа татгалзсан хариу өгснийг хэлсэн байна.
“Тэд тохиролцохыг хүсэж байгаа ч би тэдний саналд сэтгэл хангалуун бус байна. Тиймээс цаашид юу болохыг харцгаая” гэж Дональд Трамп өчигдөр Цагаан ордонд сэтгүүлчидтэй уулзахдаа хэлжээ.
Ираны эрх баригчид сүүлийн саналаа Пүрэв гарагийн орой зуучлагч Пакистан улсаар дамжуулан илгээсэн юм байна.
Хэдийгээр харилцан нэг нэгнээ зөрчсөнд буруутгадаг ч АНУ, Ираны талуудын хооронд гал зогсоох тохиролцоо гурван долоо хоногийн турш үргэлжилж байгаа.
Трамп хамгийн сүүлийн саналд ямар нөхцөл тусгасан талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй бөгөөд зөвхөн “Тэд миний зөвшөөрч чадахгүй зүйлсийг хүсэж байна” гэж хэлжээ.
Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын элч нар хоёр дахь ээлжийн яриа хэлэлцээнд оролцохоор Пакистаны нийслэлийг зорих байсан ч Трамп уг төлөвлөгөөг гэнэт цуцалсан юм. Тэр үеэс хойш талууд утсаар хэлэлцээгээ үргэлжлүүлжээ.
Ираны эрх баригчдыг Трамп “Тэд маш их хуваагдмал байна. Тэд бүгд хэлэлцээ хийхийг хүсэж байгаа ч дотроо зохион байгуулалтгүй, замбараагүй байдалд байна” гэж шүүмжилсэн байна.
Талууд дайны галаа түр зогсоосон ч дэлхийн эрчим хүчний тээвэрлэлтийн чухал зам болох Ормузын хоолойн асуудал дээр маргаантай хэвээр байгаа.
Ираны тал хоолойг хаасан бол АНУ-ын тэнгисийн хөлгүүд тус хоолойгоор дамжих Ираны хөлгүүдийн хөдөлгөөнийг давхар бүслэн хаагаад байна.
Ираны гадаад хэргийн сайд Аббас Арагчи дайныг зогсоох өөрийн улсын хүчин чармайлтын талаар мэдээллийг Турк, Египет, Катар, Саудын Араб, Ирак, Азербайжан зэрэг бүс нутгийн түншүүдтэйгээ хуваалцсаныг Баасан гарагт мэдээлжээ.
Европын Холбооны гадаад бодлогын тэргүүн Кая Каллас өчигдөр бас Арагчитай утсаар ярьсан байна.
Пакистаны эрх баригчид Иран болон АНУ-ын хооронд үүссэн хурцадмал байдлыг намжаах хүчин чармайлтаа үргэлжлүүлсээр байгааг мэдэгджээ.
Ираны тавьсан өмнөх саналд Ормузын хоолойг нээсний хариуд АНУ-ын тэнгисийн хөлгүүд хаалтаа цуцлах, цөмийн хөтөлбөрийн асуудлаар яриа хэлэлцээг энэ удаа хөндөхгүй хойшлуулах нөхцөлийг тусгасан тухай Трамп энэ долоо хоногийн эхээр мэдээлж байв.
Хоёрдугаар сарын 28-ны өдөр эхэлсэн дайны турш Иранд 3,375 гаруй хүн, Ливанд 2,600 гаруй хүн амь үрэгдээд байна. Харин Израильд 24 хүн, Персийн булангийн орнуудад 20 гаруй хүн амиа алдсан бол Ливаны нутагт Израилийн 17 цэрэг, Персийн булангийн бүс нутагт АНУ-ын 13 цэрэг амь насаа алджээ.
Эх сурвалж: Associated Press
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

