Индэр    
0 минутын өмнө
Зураг
Судлаач проф.

Д.Баярхүү: Монгол Улс Төв Азийн геополитикийн нэг чухал тоглогч болох замын бэлчирт ирсэн

Редакцын бус нийтлэл
Зураг

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан улсад хийсэн Төрийн айлчлал болон сонирхол татахуйц зарим сэдвээр ахмад дипломатч, олон улсын харилцааны судлаач-профессор Д.БАЯРХҮҮ-тэй “Монголын Үнэн” сонины сурвалжлагч Д.Жаргалан ярилцлаа.

- Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстанд хийсэн айлчлалыг дипломатч хүний хувьд, бас айлчлалд дагалдан оролцсоны хувьд Та хэрхэн харж байна вэ?

- Монгол Улсын Ерөнхийлөгчийн Казахстанд хийсэн Төрийн айлчлалыг би дипломатчаас гадна олон улсын харилцаа судлаач эрдэмтний өнцгөөр давхар харж байна. Ерөнхийлөгчийн Төрийн энэ удаагийн айлчлал нь Монгол-Казахстаны харилцаа, хамтын ажиллагааны түүхэнд шинэ үе шат эхлүүлсэн айлчлал боллоо хэмээн дүгнэж байна.

зураг
 

Ер нь Монгол, Казахстан хоёр улсын харилцааны түүх өөрөө баялаг агуулгатай, өвөрмөц онцлогтой. Хуучин СССР улсын үед Зөвлөлт Казахстан болон тухайн үеийн БНМАУ-ын хооронд ах дүүгийн найрсаг нягт харилцаа тогтсон байсан. Мөн олон ястны Монголд маань казах түмэн гэж маш том коммюнити байж ирсэн. Одоо ч байна. Монгол-Казахстаны харилцаанд гүүр болж ирсэн томхон коммюнити гэж нэрлэхэд буруутахгүй. Монголын дээд боловсролтой сэхээтнүүд, мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэхэд Зөвлөлт Казахстан ихээхэн үүрэг гүйцэтгэж ирсэн баялаг түүхийг бид мэднэ. СССР улс тарсны дараа 1992 оноос харилцаагаа шинэ нөхцөлд цоо шинээр эхлүүлсэн. Харилцаа жил ирэх тусам өргөжин тэлж, хоёр талаасаа дээд өндөр түвшинд харилцан айлчилж, айлчлал тогтмолжиж, харилцааны механизм төлөвшсөөр өнөөг хүрсэн. 2007 онд Ерөнхийлөгч Н.Энхбаярын айлчлалын үед Монгол-Казахстаны хооронд “Өргөн хүрээтэй түншлэл” тунхаглаж, харилцаагаа шат ахиулсан гэхчлэн түүх яривал олон баримт дурдаж болно.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчлалаар түүхэн шинэ үе шатыг эхлүүлсэн гэдэг дээрээ одоо төвлөрч ярья. 2024 онд Казахстны Ерөнхийлөгч К.Ж.Токаев манай улсад Төрийн айлчлал хийснээр тэр 2007 оны “Өргөн хүрээтэй түншлэл”-ээ дээд шатанд гаргаж Стратегийн түншлэлийн харилцаа болгож, ингэснээр хоёр хөршөөс гадна гуравдагч хөрш гэж нэрлэгддэг өрнө-дорнын өндөр хөгжилтэй стратегийн түнш орнуудын эгнээнд Казахстан нэмэгдэн орж ирсэн. Монголын ардчиллын нэг ололт бол гуравдагч хөршийн бодлого. Ийм бодлого явуулсны хүчинд бид гадаад бодлогодоо бүх талын тэнцвэр барьж чадаж байна. Харин Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн өнгөн дээр гуравдагч хөршийн бодлогын концепцоо аажмаар шинэчилж, тэгснээрээ эгнээг нь тэлж байна. Энэ удаа мэдээж манай Ерөнхийлөгчийн хариу айлчлал, энэ айлчлалаараа Монгол-Казахстаны стратегийн түншлэлээ бэхжүүлсэн нэг том алхам хийлээ. Том масштаб дээр, бүс нутгийн геополитикийн өнцгөөс энэ айлчлал бас онцлогтой. Хожим гадаад бодлогын түүхнээ тэмдэглэгдэнэ, түүхэнд анх удаа тохиосон гэдгээрээ.

зураг
 

Юу гэвэл “Монгол–Төв Ази–Кавказ” гэсэн форматаар манай олон талт хамтын ажиллагааны бодлогын шинэ чиглэл төлөвшиж эхэллээ хэмээн би үзэж байна. Өөрөөр хэлбэл Төрийн айлчлалаасаа дутахгүй томхон цогц гадаад бодлого, хуучин СССР-ийн 8 улстай нэгэн цогц бодлого эхлүүллээ. Монгол Улсын гадаад бодлого Төв Азийн орнуудад иж бүрэн, бүтэн боллоо гэж бид яриад байгаа. Төв Азийн 5 улстай бид харилцаагаа бүрэн бүтэн болгож, цогцоор нь хөгжүүлж чадсан бол цаашаа ахиад Кавказ руу тэллээ. Каспийн тэнгисийн хоёр эрэг Төв Ази-Кавказын, хуучин СССР улсын бүрэлдэхүүнд байсан 8 улс оролцсон бүс нутгийн Эко саммитад манай Ерөнхийлөгч Хүндэт зочноор уригдан оролцсоныг би онцгойлон тэмдэглэж байна. Төв Азийн 5 улсаас гадна Кавказын гурван улс нийлээд, нийтдээ наймуулаа дээр нь “8+1” гэдэг формат бүхий Монгол Улсын олон талт хамтын ажиллагааны шинэ чиглэл төлөвшиж байна гэдгийг дахин дахин онцолмоор санж. Энэ бол асар их ач холбогдолтой олон талт хамтын ажиллагааны торгон эхлэл агшин юм.

- Төрийн айлчлалын хүрээнд Астанад хоёр улс соёл, шинжлэх ухаан, эрүүл мэнд, банк, санхүү, худалдаа, эдийн засаг, эрдэс баялаг зэрэг олон салбарт хамтран ажиллах 18 баримт бичигт гарын үсэг зурсан байна. Монголчууд ойрын хугацаанд илүү үр өгөөж хүртэх, өндөр ач холбогдол өгч болохуйц ямар хамтын ажиллагаа Таны сонирхлыг татав?

- Яг миний сонирхол татсан гэж тодорхой салбар нэр заамааргүй байна. Хоёр улсын хамтын ажиллагааны боломж, ирээдүйн хэтийн төлөв цаглашгүй их гэдгийг л анхааралдаа авмаар байна. Төрийн дээд, өндөр түвшний айлчлалуудын явцад ганц Казахстан гэлтгүй Төв Азийн бүх улс орнууд Монголтой бүх салбарт хамтран ажиллахад бэлэн байна гэдгээ нотолсон. Эрх зүйн баримт бичиг, актууд бэлэн болсон. Одоо хэрэгжүүлэх л үлдсэн. Бид хоёр жилийн өмнөөс Казахстантай стратегийн түншлэлийн харилцаанд шилжин орсон. Узбекистан, Киргизстантай өнгөрсөн жил албан ёсоор иж бүрэн түншлэлийн харилцаа тогтоосон. Тажикистан, Туркменистантай хамтын ажиллагаагаа идэвхтэй урагшлуулсан. Монгол Улс газар зүйн хувьд хоёр том хөршийн дунд байрладаг. Газар зүйн гуравдагч хөрш гэж байхгүй. Ойрхных гэвэл Казахстан байна. Гэлээ гээд харилцаа, хамтын ажиллагаа маань өргөжин тэлсээр байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нь Төв Азийн 5 улсад тавууланд нь айлчилсан Монголын анхны Төрийн тэргүүн, мөн Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад Азербайжанд уригдаж оролцсон, энэ утгаар Төв Ази-Кавказ руу идэвхтэй гадаад бодлогын чиглэл шинээр, цогцоор нь төлөвшүүлж байгаа улс төрч гэж харж байна. Энэ онд Тажикистаны Ерөнхийлөгчийн хариу айлчлал хүлээгдэж байна. Миний үзэхээр иж бүрэн түншлэлээ зарлах болов уу гэсэн хүлээлттэй байна.

Би юу хэлэх гээд байна вэ гэвэл Төв Азийн 5 улстай, тэр дундаа Казахстантай Төр засгийн дээд түвшинд харилцаа хөгжүүлэх, хамтран ажиллах улс төрийн итгэл зориг, хүсэл тэмүүллээ хоёр талаасаа илэрхийлээд бэхжүүлчихлээ. Одоо тэр их боломжийг худалдаа-эдийн засаг, соёл, хүмүүнлэг гээд олон салбарт хөгжүүлэх л үлдлээ гэж хэлэх гээд байна. Бүх салбарт хамтын ажиллагаа өрнүүлэхэд бэлэн байна гэдгээ нөгөө талаас илэрхийлснийг бид цаг алдалгүй шүүрч аваад хэрэгжүүлэх хэрэгтэй. Монгол, Казахстаны харилцаа-хамтын ажиллагааг зохицуулдаг 60 гаруй гэрээ хэлэлцээр үйлчилж байсныг сая дахиад цааш нэмчихлээ. Нэгэнтээ эрх зүйн ийм таатай нөхцөлийг хуульчлаад өгсөн учраас манай талаас худалдаа, эдийн засаг, бизнесийн салбарынхан, энэ чиглэлийн яамд, агентлагууд, хувийн хэвшлийнхэн, баялаг бүтээгчдийн хамтын чармайлтаар идэвхтэй ажиллах шаардлагатай.

Хоёр талын харилцааны механизмууд нэгэнтээ төлөвшсөн, тухайлбал хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комисс анхдугаар хуралдаанаа Алматы хотноо 1993 онд эхлүүлж, удаах нь 1998, 2004, 2006, 2008, 2014, 2018 онд Улаанбаатар, Астанад ээлжлэн явагдсан. 2020 онд цахимаар хуралдсан. Ээлжит IX хуралдаанаа 2023 онд Улаанбаатар хотноо зохион байгуулсан. Түүнчлэн Парламентын бүлэг хоёр талдаа ажиллаж байна, ГХЯ-д хоорондын зөвлөлдөх уулзалт гээд нэмбэл чамлалтгүй олон механизм байна.

Албан ёсны мэдээгээр хоёр улсын худалдааны эргэлт 2025 онд 58.3 сая ам.доллар, үүнд, экспорт 13.2 сая, импорт 45.1 сая доллар болж 2024 онтой харьцуулахад 7.2 %-иар өссөн байна. Манайхаас хүнсний бүтээгдэхүүн, адууны мах, ноос ноолууран бүтээгдэхүүн, хивс хивсэнцэр, транзит автомашин; Казахстанаас гурилан бүтээгдэхүүн, чихэр, жимс, цагаан будаа, архи тамхи гэх мэт импортолж байна. Казахстанаас манайд оруулсан нийт хөрөнгө оруулалтын хэмжээ 2024 оны байдлаар 25.77 сая ам.доллар байна. Нийт хөрөнгө оруулалтын 44.7% нь банк, санхүүгийн салбарт, 37.6% нь худалдаа, нийтийн хоолны салбарт, 8.8% нь геологи, уул уурхайн эрэл хайгуул, олборлолтын салбарт, 2.8% нь хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн салбарт тус тус ногдож байна. Казахстаны 100 хувийн болон хамтарсан хөрөнгө оруулалттай нийт 74 аж ахуйн нэгж буй. Казахстанд ч манай бизнесийн төлөөлөл компаниуд ажиллаж байна.

зураг
 

Айлчлалын үр дүнгээс бодитой юу олж харав гэж асуугаад байх шиг байна. Хоёр улс аль ч салбарт хамтран ажиллахад бэлэн байна гэдэг тохиролцоо бол шинээр яригдсан асуудал биш, Монгол, Казахстан хоёр нийтлэг зүйл олонтой улсууд. Хоёулаа нүүдлийн иргэншил-соёлтой, хоёулаа том газар нутагтай, байгалийн асар их нөөц баялагтай. Хоёулаа Төв Азийн цээжинд зэрэгцэн оршдог стратегийн түншлэлтэй. Элдэв бэрхшээл, улс төрийн асуудал, зөрчил огт байхгүй. Угаасаа байгаагүй. Хоёр улсын соёл, хүмүүнлэгийн хамтын ажиллагаа бол аяндаа төлөвшөөд цаашаа хөгжөөд явчихна. Ийм таатай өгөгдөл бэлэн буй тохиолдолд захаас аваад хэрэгжүүлж болох, монголын ард түмэнд өгөөжөө өгөх салбарууд олон харагдаж байна. Гэхдээ хамтран ажиллаж үр өгөөжөө өгөх эсэх нь биднээс ихээхэн шалтгаална. Байгалийн баялагт суурилсан, баялгаа экспортолж буй өнөөгийн Казахстаны хур туршлага байна. Түүнээс суралцах хэрэгтэй. Баялгийн сангаа хэрхэн үр өгөөжтэй, ард түмэндээ ээлтэй захиран зарцуулдаг туршлагыг нь би хэлж байна. Ер нь чармайлтаа хоёр талаасаа нийлүүлээд хамтран ажиллахад амжилтад хүрнэ. Монголчуудад үр өгөөжөө өгөх гэдгээр Казахстанаас нэг сая тонн нефть авахаар тохиролцсоныг жишээлж болно. Мөн Монгол-Казахстаны хооронд ураны экспорт буюу цөмийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах боломж бий. Францтай ураны салбарт хамтран ажиллаад Казахстан нь дэлхийд № 1 уран экспортлогч улс болчихсон байгааг бид тусгаж авах хэрэгтэй. Туршлагаас нь суралцах хэрэгтэй. Цаашлаад Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Тэрбум мод” хөтөлбөр гээд өгөгдөл нь манайд байж байна. Эдгээр чиглэлд хамтран ажиллах бүх нөөц боломж Казахстанд байна. Казахстаны бизнесийн төлөөллийнхөн “Мөнгө, баялаг байна. Газар нутаг байна. Зай талбай, ажиллах хүч, хамтран ажиллах итгэл, сэтгэл байна. Ийм боломжуудыг бодит амьдралд хэрэгжүүлэх хэрэгтэй” гэдгээ мэдэгдсэн. Төрийн айлчлалаас Монголын ард түмэнд тусах үр өгөөж гэдэг юм уу, давуу тал гэж харж байгаа бол улс төрийн дээд түвшинд ийм их дэмжлэгтэй, тэгээд бүр стратегийн түншлэлтэй энэ улстай бүх шатанд хамтран ажиллахыг монголчууд бид нийтээрээ уухайлан дэмжиж хөдлөх ёстой л гэж уриалж байна.

Нэг зүйлийг нэмж тэмдэглэхийг хүсэж байна. Төв Ази, тэр дундаа Казахстаныг бид байгалийн баялаг, ашигт малтмал, хөдөө аж ахуй, мал аж ахуйн бүтээгдэхүүний хамтын ажиллагааны том талбар, боломж гэж харахаасаа илүүтэй тэнд хиймэл оюун, мэдээллийн ба цахим технологийн хөгжил ямар өндөр шатанд гарсныг өнгөрсөн жил Киргизэд, энэ удаа Казахстанд айлчлах явцдаа бид харж мэдэрч, би бол бүр шүтэн биширсэн л дээ. Нөгөө хоцрогдсон хуучин лалын “Стан” биш болчихсон байна. Сая Астанад хиймэл оюуны төвд нь зочилж ёстой мэлэрлээ, гайхлаа, бид хаана явна гэхээс яс хавталзах шиг боллоо, өөр дээрээ ярьж байна л даа. Биднийгээ энэ салбарт лав Казахстан хол хаяад явчихсан байна. Одоогоор хиймэл оюуны мэргэжилтэн 400 мянгыг бэлтгээд ажлын байраар хангачихсан, цаашдаа ойрын үед нэг саяд хүргэнэ гэсэн зүйл ярьж байна билээ. Энэ талаар манай мэдээллийн ба цахим технологийн салбарынхан анхааралдаа аваасай билээ.

- Хоёр улсын хооронд хийсэн Төрийн өндөр түвшний айлчлалуудыг Та дурдана уу? Өгөгдөл байсан гэж хэлээд байгаа шүү дээ, Та?

- Казахстантай 1992 оны нэгдүгээр сард дипломат харилцаа тогтоосон. Тэр цагаас хойш хоёр орны хооронд улс төрийн харилцаа маш бат бэх төлөвшиж чадсан гэдгийг олзуурхан тэмдэглэе. Гадаад хэргийн сайдын түвшинд гэвэл маш олон айлчлал бий. Олныг нуршилгүй Төрийн дээд түвшний айлчлалуудаас тоймлоё. Төрийн дээд удирдагчдын айлчлалын түүх манай талаас бол 1994 онд Ерөнхий сайд П.Жасрайн айлчлалаар эхэлсэн байдаг юм. Ерөнхийлөгч Н.Багабанди 1998 онд, 2003 онд УИХ-ын дарга С.Төмөр-Очир нар Казахстанд айлчилж байсан. 2005 онд Ерөнхийлөгч Н.Энхбаяр Астанад ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад уригдаж оролцсон. Дараа нь 2007 онд албан ёсны айлчлал хийсэн. 2008 онд Ерөнхий сайд С.Баяр мөн Астанад ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын хуралд, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2017 онд, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2024 онд ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын хуралд Астанад очиж оролцсон. Өмнө нь Ерөнхий сайд байхдаа ноён У.Хүрэлсүх 2019 онд айлчилсан. 2025 онд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Казахстанд айлчилсан, дөнгөж сая Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Төрийн айлчлал гээд жагсаж байна.

Казахстаны талаас 1992 онд Казахстаны Ерөнхий сайд анх Монгол Улсад айлчилсан. Харилцааны эхлэл тавьсан. 1993 онд Ерөнхийлөгч Н.Назарбаев айлчилсан. 1994 онд Казахстаны Дээд зөвлөлийн орлогч дарга айлчилж, хоёр улсын парламентын харилцаа эхэлсэн. 1999, 2008 онд Ерөнхийлөгч Н.Назарбаев айлчилсан. Түүнчлэн 2016 онд АСЕМ-ийн Дээд түвшний уулзалтад Казахстаны Ерөнхий сайд уригдан оролцсон бол 2024 онд Ерөнхийлөгч К.Ж.Токаев айлчилсан. Сонирхуулахад 2013 онд Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын VII бага хуралд ноён К.Ж.Токаев НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын нэг орлогчийн хувиар уригдан оролцсон. Тэр үед бид хоёр Улаанбаатарт, Төрийн ордны гадаа уулзалдаж хуучилж, Москвад Зөвлөлтийн ГЯЯ-ны Дипломатын академид нэг үе суралцаж байснаа дурсаад салсан даа.

зураг
 

- Худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд “Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо хоорондын чөлөөт худалдааны түр хэлэлцээр”-ийн хүрээнд хамтарсан замын зураглал гаргана гэсэн. Энэ чөлөөт худалдааны хэлэлцээр бас нэлээн шүүмжлэл дагуулж байсан санагдана?

- Евразийн эдийн засгийн холбоог хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан Орос, Казахстан, Беларусь оройлон байгуулсан. Монгол Улсыг энэ холбоонд нэгтгэх, хамтрах, нэг интеграцад оруулах гэсэн санал цухалзаж л байсан. Тэрийг нуух юм байхгүй. Гэхдээ Монгол Улс энэ холбоонд албан ёсоор элсэх нөхцөлгүй гэж би үздэг. Түр хэлэлцээрийн хүрээнд холбооны гишүүн Орос, Казахстан, Беларусь, Армен, Киргиз улс руу экспортлох 367 нэр төрлийн бараан бүтээгдэхүүнд гаалийн тарифын хөнгөлөлт болон чөлөөлөлт эдлэх боломж бүрдэж байгаа. Үүнд хөдөө аж ахуй, хүнсний бүтээгдэхүүн, хөнгөн үйлдвэрийн ноос, ноолуур, нэхмэл болон оёмол бүтээгдэхүүн, мал аж ахуйн гаралтай арьс шир болон зарим боловсруулах үйлдвэрийн бүтээгдэхүүн гээд жагсаж байна. Түр хэлэлцээр нь Монголын үйлдвэрлэгчдэд 180 гаруй сая хэрэглэгчтэй Евразийн зах зээлд татварын таатай нөхцөлөөр нэвтрэх, улмаар гадаад худалдааны тэнцвэр хангах, үндэсний үйлдвэрлэлээ дэмжихэд стратегийн өндөр ач холбогдолтой гэж Монголын Төр засаг үзсэн. Энэ хэлэлцээр бол манай хувьд, ялангуяа баялаг бүтээгчид, хувийн хэвшлийнхэнд том боломж юм. Бид өөрсдөө л хичээх ёстой. Гүүрийг нь нээчихлээ. Түр хэлэлцээрийн хүрээнд гаднаас баахан бараа орж ирж, дотоодын бараа бүтээгдэхүүнийг үнэгүйдүүлнэ, үнэ цэнгүй болгоно гэсэн хардлага байдаг. Үүнийг бол ойлгоно. Гэхдээ бид яаж ийгээд энэ том зах зээл рүү тэмүүлж, аль болохоор ашиглахыг зорих ёстой. Үнэхээр бид 367 төрлийн бүтээгдэхүүнээ борлуулж чадвал гадаад валютын орлого нэмэгдэнэ. Дахин хэлье. Бид өөрсдөө хичээгээд, хүчээ нэгтгэвэл тэрхүү түр хэлэлцээр боломж бий болгоно уу гэхээс сөргөөр нөлөөлөх дарамт биш байх. Бид өөрсдөө хичээж бүтээх гэдгийг дахин дахин хэлье.

- Дэлхийн геополитик өөрчлөгдөж байна. Нефть бүх улс орнуудын шүдний өвчин болж явна. Европын Холбоо нефтийн бүтээгдэхүүний 50%, Япон бараг 100% импортоор авдаг. Хятадын зах зээлийн тодорхой хувь ч импортоос хамааралтай. Та энэ салбарын ирээдүйг хэрхэн харж байгаа вэ?

- Манайх бол нефтийн импортын хамааралтай улс. Энэ хамаарлаас гарахын тулд Монголын Төр засаг олон жил ажилласан, зүтгэсэн. Үр дүнгээ ойрын жилүүдэд үзнэ. Энэтхэгийн туслалцаатай, тэдний хөрөнгө оруулалтаар баригдаж буй Дорноговийн Нефтийн үйлдвэр бол асар том объект. Оюутолгойн төсөлтэй бараг дүйцэх хэмжээний гуравдагч хөршийн том бүтээн байгуулалт хийгдэж байна. Газар дээр нь очиж үзвэл ямар агуу бүтээн байгуулалт вэ гэдгийг харж болно. Энэ үйлдвэр ашиглалтад орж, монголчууд өөрсдөө нефтиэ нэрж, бензин шатахуунаа үйлдвэрлэж эхэлбэл гадаад зах зээлийн хамаарлаасаа бид аажмаар сална.

Нефтийн хүндрэл улс орон бүр дээр өөр өөрөөр илэрч байна. Ираны дайнаас үүдэн АНУ Ормузын хоолойг хаасан. Иран энэ хоолойгоор дамжуулан дэлхийн эдийн засаг, тэр дундаа нефтийн зах зээлд нөлөөлчих санаатай. Үүнийгээ Ираны дэглэм цааш оршин тогтнох нэг хөзөр гэж үзээд байх шиг. АНУ үүнийг нь зөвшөөрөхгүй. Үүнээс болоод Ормузын хоолойгоор дамжих нефтийн урсгал саатсан. Гэхдээ Европын Холбоо ч юм уу, Япон, Өмнөд Солонгос, Хятад бол хамаг хөрөнгө мөнгөө нефтийн импортод зориулаад мөнгөгүй суучих айлууд биш шүү дээ. Тэд мөнгөтэй, үйлдвэрлэлтэй, эдийн засгийн асар их боломж, бололцоотой том гүрнүүд. Тодорхой нөөцтэй учраас нефтийн шоконд өртөх магадлал бага, бараг байхгүйтэй адил. Нефтийн ийм гачигдалтай үед тэд эхнээсээ хэрэглээндээ ухаалгаар ханддаг болсон. Цаашдаа хэрэглээний ийм ухаалаг хандлага дэлхий нийтийн тренд ч болж магадгүй. Үүнтэй ижил манайхан ч гэсэн ухаалаг хэрэглээ рүү шилжих хэрэгтэй. Яг үнэндээ Улаанбаатар хотод зам дээр түгжрээд гурав дөрвөн цаг зогсож байгаа нөхдийг хараад би өрөвддөг. Хайран цаг, хайран мөнгө, хайран бие. Энэ бол гадаадаас учрах нефтийн эрсдэл гэхээсээ илүүтэй манайхны хувийн машины хэрэглээний донтой холбоотой. Айл болгон хоёр гурав, насанд хүрсэн иргэн бүр машинтай байх нь Улаанбаатар шиг түгжирсэн хотод стресс л авчирна. Орчин үеийн соёлтой нийтийн тээврээ хөгжүүлж, монголчууд нийтийн тээвэрт сууж хэвших хэрэгтэй. Хүмүүс тархиа цэвэрлэж, машин унах донгоо цэгцлэх хэрэгтэй. Хувийн тэрэг авч унасны тоолонд бүгд шатахуун нэхвэл Монголын шатахууны хэрэглээг хангаж хүчрэхгүй. Ёроолгүй сав л гэсэн үг. Саяхан миний нэг шавь надад хятадын тэрбумтан, хөрөнгө оруулагч Ли Шяолайн бичсэн “Эд баялгийн бодит үнэн” гэдэг ном танилцуулсан. “Хүнд алдах гурван том юм байдаг” гэсэн санааг хөндөж, хүн төрөлхтний эзэмшдэг хамгийн үнэ цэнтэй гурван нөөцийн тухай дурдсан байгаа юм. Ямар нөөц вэ? Хамгийн хямд нөөц бол мөнгө гэнэ. Мөнгийг алдаж болдог ч дахиад олж болдог. Мөнгөнөөсөө цаг хугацаа нь илүү үнэтэй. Хүмүүс цагийг удирдаж чадахгүй байсаар өнөөдрийг хүрсэн. Тэгэхээр тэр их үнэтэй цаг хугацааг хүн удирдаж сурмаар байна гэдэг санааг хөндсөн байна. Сүүлийнх нь хүмүүс анхаарлаа төвлөрүүлж, тархиа удирддаг байх ёстой гэсэн санаа. Энэ нь боловсролтой, эрдэмтэй, гэгээлэг байх гэсэн агуулга юм уу даа. Би бол энэ гурвыг л монголчуудад авчраад наачихмаар санагдсан. Энэ номын санааг чөлөөт нийтлэл болгоод би сайтууддаа бичнэ гэж бодож байна.

- Ярилцлага өгсөн Танд баярлалаа. Таны судалгаа, нийтлэлийн ажилд амжилт хүсье.