Индэр    
0 минутын өмнө
Зураг
Судлаач проф.

Epic Fury операц & Хойд Солонгост өгсөн сургамж

Редакцын бус нийтлэл
Зураг

Израилийн эрдэмтэн доктор Алон Левковицын бичсэнийг хөрвүүлэв. Тэрээр Израилийн Бар-Илан их сургуулийн профессор, Бегин-Садатын стратегийн судалгааны төвийн ахлах судлаачаар ажилладаг.

Эх сурвалж: Израилийн “Радио Хамсин” медиа-платформ.



Epic Fury–Операцын нэрийг яаж орчуулах вэ? «Арслангийн уур хилэн»–ямраар бууж байна? Ираны өмнөх Шахын дэглэмийн үеийн төрийн далбаанд арслангийн дүрс байдгийг бэлгэдсэн байлдааны ажиллагаа гэх үү дээ? Лалын одоогийн фанат дэглэмийг нураах дайн, хэрэг дээрээ. Дэглэм нурахгүйгээр бат бэх энх тайван бүс нутагт тогтохгүй хэмээн АНУ, Израиль, Булангийн орнууд нийтээрээ үзэж байна.

Тэгвэл энэ операц БНАСАУ-д яагаад хамааралтай болчхов? Ямар ч гэсэн нөхцөл байдлын өрнөлтөд Пхеньянд дүгнэлт хийж байна. Иранаас хэд хэдэн сургамж авч байх шиг. Хэрэв иймэрхүү атак өөрт нь ирвэл хэрхэх вэ, тийм сценарт хэрхэн бэлтгэх вэ гэдэгтээ сургамж авсан нь гарцаагүй.

АНУ, Израилийн агаарын цохилтыг тогтоон барих, хариу үйлдэл үзүүлэх талаар Техераныхан ямар ч чадваргүйгээ харуулав, тэгэх тусмаа прокси-хүчнүүдээ дайчлаад ч яаж чадсангүй. Олон арван жилийн (47 жил!) турш хийж бүтээсэн цэрэг-дайны бэлтгэл, зэвсэглэлийн үйлдвэрлэл, Ирактай явуулсан дайны туршлага, Орос, Хятадтай холбоотон (де-факто) болоод ч нэмэргүйг нэг сарын байлдаан тов тодорхой харууллаа. Маш олон жилийн турш Иран нь олон тэрбум доллар гарздан байж Ливан, Сири, Ирак, Газа, Йеменд прокси-зэвсэгт хүчинтэй болсон ба тэд нь Ираны эсрэг аливаа халдлага, довтолгоог бут цохидоггүй юм аа гэхэд сарниулах, саатуулах ёстой байтал тэгсэнгүй. Түрэмгийллийг тогтоон барих бамбай, цуваа нь болж үнэхээр чадсангүй. Ираны энэ стратеги ингээд нурлаа.

Хойд Солонгост ийм прокси-хүчин даан ч алга. Хилийн чанадад тэдэнд бамбай цуваа болчих цэргийн холбоотны хүч алга. Тиймээс ганцхан л зүйлд найдна. Тэр нь цөмийн зэвсэг. Цөмийн зэвсэг бүтээхэд чиглэсэн өвөг дээдэс–Ким Ир Сен, Ким Чен Ирийнх нь шийдвэр хамгийн зөв байжээ гэсэн гол дүгнэлтэд Ким Чен Ун хүрчээ. Энэ бол Хойд Солонгосын хувьд тогтоон барих хамгийн зөв хүчирхэг фактор юм. Одоо Ким Чен Уны хувьд цөмийн тогтоон барих хүчнээ улам бэхжүүлж, эргэлзээгүй болгоно. Цөмийн зэвсгийн асуудлаар хэлэлцээ хийж яасан ч болохгүй гэдэг дээр Иранаас Ким Чен Ун том сургамж авлаа. Тийм учраас Пхеньян нь цөмийн зэвсэг ба пуужингийн хөтөлбөрөө демонтаж болгох тухай хэлэлцээ АНУ-тай хэзээ ч хийхгүй. АНУ-аас ямар ч дарамт ирсэн хэлэлцээ хийхгүй.

Иран халдлагад өртөөд байхад Орос, Хятад хоёр Ираныг дэмжих тал дээр идэвхгүй байсныг Ким Чен Ун анхааралдаа авлаа. Тэр ч бүү хэл ШХАБ-аа ч хөдөлгөсөнгүй. Аман мэдэгдлээ ажил хэрэг болгоод олон улсын тавцанд ШХАБ нь АНУ, Израилийн эсрэг томхон кампанит ажил өрнүүлэх ёстой атал тэгсэнгүй. Техераны хувьд асар их горьдлого тээж байсан, Москва, Бээжингээс эрс хатуу арга хэмжээ авна гэж найдсан, АНУ, Израилийн эсрэг глобал дайн дэгдээдэггүй юм аа гэхэд нэн идэвхтэй, үүрэгтэй байх болов уу гэсэн нь талаар болсон. Хэрэв тийм идэвхтэй үүрэг гүйцэтгэсэн бол Иран нь Трампын даралт шахалтын эсрэг тэнцвэр бариад ана мана зогсох байлаа. Даан ч тэгсэнгүй. Орос, Хятадаас ямар ч дэмжлэг алга.

Энэ сургамж Хойд Солонгост хэрхэн буув? Учир нь тэр улс тогтоон барих дээрээ маш олон хүчин зүйлээр Москва ба Бээжинг түшдэг. Хэрэв АНУ Хойд Солонгос руу атаклавал БНАСАУ ямар тусламж тэднээс хэрхэн авах вэ, тэгэхдээ тэр нь цэргийн, бас өөр ямарваа нэн идэвхтэй тусламж байх ёстой. Холбоотуудын тусламж дэмжлэг хязгаарлагдмал байлаа ч тэсэж үлдэх сценарт бэлэн байхын тулд Пхеньянаас мэдээж чучхейн үзэл суртлаа хүчтэй явуулна. Одоо БНАСАУ нь Орост зэвсэг, сум, галт хэрэгсэл нийлүүлж байна, цэргээ ч Украин дахь цэргийн тусгай ажиллагаанд нь илгээж байна. Хэрэв Солонгосын хойгт шинэ дайн дэгдвэл Оросоос хариу тусламж цутгана гэсэн итгэлтэйгээр энэ бүхнийг хийж байна. Харин цагаа тулахад Москвагаас тийм тусламж үзүүлж чадах нь бас эргэлзээтэй. Учир нь ОХУ нь Украины эсрэг дайндаа маш хүнд ачаа үүрч байна.

Орос, Хятад, Иран, Хойд Солонгосын зэвсэглэл, байлдааны техникийн хүч чадал, ид шид хаачсан бэ гэсэн асуулт Хойд Солонгосын ээрнэ. Тэдний зэвсэглэлийн сул доройг Ираны дайн харуулчихсанд Хойд Солонгос үнэхээр цочирдлоо. Иран нь Израилийг устгах, АНУ-ыг тогтоон барих гэж маш олон жил зэвсэгт хүчин, зэвсэглэлийнхээ хүч нөөцийг базаасан. Дайнд эрчимтэй бэлтгэсээр ирсэн. Зэвсэглэлд нь ираны өөрийнх нь, оросын, хятадын, хойд солонгосын үйлдвэрлэлийн зэвсэг хангалттай байсан боловч тэдгээрийн үлэмж хэсгийг 2025 оны 12 өдрийн дайнаар устгуулсан, 2025 оны зунаас хойш гайгүй сэргээж нөөцөлсөн боловч 2026 оны энэ мөргөлдөөнд сэргээж нэмсэн агаарын довтолгооноос хамгаалах систем нь Америк, Израиль хоёр Ираны тэнгэрт бүтэн сар ноёлоход огтхон ч саад хийж чадсангүй. Ираны пуужин, нисэгчгүй онгоцууд Израильд болон Булангийн орнуудад хохирол учруулсан уу гэвэл учруулсан. Гэхдээ тэр нь сүйрлийн, дайны явцыг өөрчлөхөөр байж чадсангүй.

Цэргийн талаасаа АНУ болон түүний холбоотнууд хэд хэдэн салбарт илэрхий давуу байна гэдгийг Пхеньянд ойлгож мэдэрсэн. Тухайлбал нисэх хүчин нь агаарын орон зайг бүрэн хянаж байна, пуужингийн довтолгооноос хамгаалах зэвсэг техник нь гаргуун байна. Иймд цөмийн зэвсэгтээ л найдахаас өөр гарцгүй. БНАСАУ нь ДНБ-ийхээ 20% гаруйг батлан хамгаалахдаа зарцуулдаг, тэглээ гээд АНУ-тай өрсөлдөнө гэж байхгүй гэдгээ ч мэдэрч ойлгож байгаа. Цөмийн бус зэвсэглэлийн салбарт АНУ-тай өрсөлдөх өөр улс дэлхийд алга гэдэг нь нэн тодорхой боллоо. Хамгийн хямд өртгөөр буй болгож болох зэвсэг техник юу вэ гэдэгт Хойд Солонгос идэвхтэй ажиллаж, Орос, Иранд нисэгчгүй онгоцоо нийлүүлсэн, тэр зэвсгээрээ АНУ, Өмнөд Солонгос руу атаклаж болох уу гэдгээ Украины дайнд туршсан, ямар ч гэсэн одоо артиллераа цэрэггүй бүсийн дагуу байрлуулж Сөүлийг айлгаж байна, дунд тусгалтай пуужингараа Алс Дорнод дахь америкийн баазуудыг устгаж чадна гэсэн итгэлтэй, туршсаар буй.

зураг
 

Ираны тагнуулын албадын алдаа дутагдал Хойд Солонгост маш том сургамж боллоо. 2026.02.28-ны үүр шөнөөр гэнэт халдана гэдгийг ираны тагнуулын албад урьдчилан олж харсангүй, тэгэх тусмаа дайсан өөрийнх нь улс төр–цэргийн дээд удирдлагыг ганцхан далайлтаар устгачихна чинээ огт төсөөлөөгүйд дүгнэлт хийж байна. Тийм аллагаас удирдагчдаа аварч чадсангүй, стратегийн олон чухал объектоо устгуулчихлаа. Харин ч израиль, америкийн сөрөг тагнуул маш сайн ажиллажээ. Ираны тусгай албадын бүтэлгүйдэл Пхеньяны хувьд ийнхүү түгшүүр төрүүллээ. Тэгэх тусмаа АНУ, Израилийн агаарын хүчин маш нарийвчлалтай онилсон цохилт өгч чадаж байгаа нь Хойд Солонгосын аюулгүй байдалд ноцтой аюул болно гэж үзжээ. Хэрэв Ким Чен Ун болон түүний тойрон хүрээлэгчдийн байршлын тухай мэдээлэл америк, өмнөд солонгос, японы сөрөг тагнуулын гарт орвол бүх командлал нь гинжин урвалаар амархан устгагдах магадлалтай. Тийм учраас Пхеньян нь интернэтийн хэрэглээндээ хатуу хяналт тогтоож, кибер аюулгүй байдлаа бэхжүүлэн, шинэ кибер дайнд бэлтгэх зайлшгүй шаардлагатай болж байна.

Гэв гэнэт, ганцхан өглөө, ганц дайралтаар Ираны иргэний ба цэргийн дээд удирдлагыг хөнөөж чадсан, харин энэ бүхнийг хийхдээ Америк, Израилийн тагнуул Ираны аюулгүй байдлын систем рүү хэрхэн нэвтэрсэн бэ гэдэг л ганц Хойд Солонгос биш, түүний гол холбоотнуудын анхаарлын төвд байсаар байна. Энэ халдлагын үед хэрэглэсэн пуужин, бөмбөг, тусгай сумны эсрэг Иран ямар ч хүчгүй, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байсанд гайхшаа барж байна. Алагдсан удирдагчдынхаа орыг Иран дор дор нь нөхсөн боловч дахиад хэд хоноход тэд нь алуулаад дууссан.

Нэг үгээр америк, израилийн энэ атак нь Хойд Солонгосын олон жилийн айдас болгоомжлол зөв байсныг нотлоод өглөө. Гол айдас нь юу вэ гэвэл дэглэмийг нь солихын тулд Вашингтоныхон дээд удирдагчдыг хөнөөж магадгүй гэх айдас юм. Ким Чен Ирийн үед энэ айдас Пхеньянд илүү мэдрэгдэж, АНУ-д ийм төлөвлөгөө бий гэдэгт эргэлзэхгүй болсон ба ираны удирдагчдыг бөөнөөр нь хөнөөсний дараа Ким Чен Уны сэтгэлд шарх болон нэвчсэн бололтой. Иранаас ялгаатай нь хэрэв тийм цохилт амсвал бүх эрх мэдлийг ганцхан гарт төвлөрүүлсэн Кимийн дараа шинэ лидер томилогдох эсэх нь эргэлзээтэй. Потенциал бүхий залгамжлагч нь Ким Жү Э (охин), Ким Ё Жон (охин дүү) боловч Иранд тохиосон шиг гэр бүлээрээ халдлагад өртвөл Хойд Солонгосын тогтвортой байдал ноцтой аюулд орно. БНАСАУ-ын улс төр-цэргийн институц удирдлагыг хурдан сольж нөхөх чадваргүй. Ираны удирдлагын дээд хоёр эгнээ халдлагад өртсөн нь солонгосын элитүүдийг түгшээсэн байж магадгүй. Төрийн удирдлагын уламжлалт загвар зөв үү гэдгээ эргэж харцгаая гэцгээж болох юм.

Иран цөмийн зэвсэгтэй болох найдвар бараг үгүй болсон. Ийм хүнд цохилтын дараа тэд эрсдэл үүрэн цөмийн зэвсгээ бүтээж чадахгүй, иймд цохилт ирэхийг хүлээхгүйгээр урьдчилан цөмийн зэвсэгтэй болсон нь хамаагүй дээр. Ираны цөмийн зэвсэг бэлэн болчихсон байсан бол АНУ, Израиль хоёр халдан довтолж чадахгүй байсан гэдэгт Ким Чен Ун бүр ч илүү сүсэглэх болжээ.

БНАСАУ, Иран хоёр олон жилийн турш зэвсэглэлийн салбарт олон улсын хуулийг үл хэрэгсэн конвенцоор хориглоогүй зэвсэг боловсруулахад хамтран ажилласан. Үүний нэг жишээ нь Сирийн Дейр-эз-Зорын цөлд эхлүүлсэн цөмийн хамтарсан төсөл байв. Энэ нь мэдээж Пхеньяны хувьд валют урсан орж ирэх гол суваг байсан ч плутони үйлдвэрлэх зориулалт бүхий цөмийн реактор гэж үзээд Израилийн агаарын хүчин “Жимсний цэцэрлэг” операц явуулан 2007 оны 9 дүгээр сард бүрэн устгачихсан. Ингэснээр Ойрхи Дорнодод цөмийн зэвсгээр хөөцөлдөх Пхеньяны санаархлыг тасалж чадсан.

зураг
 

Ким Чен Уны хувьд хамгийн том айдас бол Д.Трампын барьцгүй, хувирамтгай байр суурь юм. Үүнийг нь Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог баривчилж хулгайлсан, Иран руу халдан түрэмгийлснээс нь харагдаж байна хэмээн үздэг. Иранд цөмийн зэвсэг бүтээхэд нь тусалж байсан гэж шалтаг заан Трамп Хойд Солонгост цохилт өгч тун мэдэхээр барьцгүй этгээд. Тэгснээр эрх барих династыг устгахыг зоривол яана? Онолын хувьд тун магадгүй. Явж явж БНАСАУ-д дэглэм солихоор цэргийн хүч хэрэглэхээс ч буцахгүй байж магад, тун аюултай гэжээ.

Алон Левковиц