Ерөнхийлөгчийн хөлөглөсөн агаарын хөлөг Астанад газардаж байлаа. Аэрпортын оройд “Нурсултан Назарбаев аэрпорт” гэсэн хаяг дурайна. Амьд хүний, тэгэх тусмаа огцорсон Ерөнхийлөгчийнхөө нэрэмжит болгочхож хэмээн яриа тэрүүхэн хавьдаа монгол зочдын дунд өрнөв. Хэлцгээж байнаа. “Бага хулгайлж л дээ”, “Улсаасаа хулгай бага хийжээ”, “Тэгээд л нэр нь цэвэр үлдчихэж” гэж. Монголынхоо улс төрчдөд тодорхойлолт өгөөд байх шиг. Энд мэдээж Монгол, Казахстаны улс төрчдийг харьцуулах гээгүй.
Зүгээр л... Зүгээр л уул уурхай, ашигт малтмал, эрдэс баялгаасаа Назарбаев хулгай хийгээгүй (яг нарийндаа бүү мэд!) гэдгийг баримт түшин өгүүлэх гэж байна. Яагаад гэвэл улс нь хөгжчихсөн, хөгжлийнхөө гараан дээр ид яваа, хөгжлөө дагаад казахуудын зовхи дээшээ, дэлхийд хэнээс ч ичихгүй, айхгүй болчихсон, гадаад хамтын ажиллагаандаа хэний ч боол болохгүй хэмжээнд оччихсоныг нь би дор баримт хэлхэж ойлгуулах санаатай. ДНБ нь явж өгсөн, ядуурал гуйланчлал байхгүй, иргэд нь тэтгэврийн ба цалингийн өр ширгүй, хот нь цэмцгэр, цэлгэр, агаар нь ариун, хүн ардынх нь ая тух...хэлэх юм алгаа!
Назарбаев гэдэг хүн амьд нь амьд аа. Хаана оршин суудгийг нь лавласангүй. Гэхдээ нэрэмжит байлгаад байхыг бодохул энэ цаг үед лав түүхийн хог дээр хаяхгүйдэг ээ! Казахстаны ДНБ-ийг хүн ам тутамд хуваасан үзүүлэлтээр бол Назарбаев нь алтаар хөшөөгөө босгуулахын наахна оччихсон ч юм шиг. Хуучин Зөвлөлтийн БНУ-ын дотор нийгэм-эдийн засгийн бүх үзүүлэлтээр Европын Холбооны гишүүн Балтийн гурван улсыг эс тооцвол ОХУ-ын дараа хоёрдугаарт явж байна, Украины дайны өмнөхний үзүүлэлтээр шүү. Кавказын гурван улс, Белоруссыг ардаа орхисныг ярилтгүй. СССР-ээс аж үйлдвэрийн хүчирхэг бааз өвлөн авсан Украинаасаа (дайнд нэрвэгдсэн!) бас тасраад алга болсон.
Казахстаны эдийн засаг зүгээр л автоматаар гэнэт өсчихсөн юм биш. Байгалийн баялаг байсан, бас СССР-ээс өвлөсөн нефть-хийн том аж үйлдвэр байсан, тэр эрчээрээ ч явчихсан юм биш. Эхлээд нефтийн салбараараа хошуучилсан, нефтийн асар их нөөц рүүгээ гадаадын хөрөнгө оруулалт татсан, хөрөнгө оруулагчдад нэн таатай нөхцөл бүрдүүлж өгсөн. Хөрөнгө оруулагчдыг бүгдийг нь урьсан. Бүх дэлхийн хөрөнгө оруулагчдыг уралдуулсан гэх үү дээ. Хятад, Өрнөдийн орнууд, Арабын орнууд, Орос гэхчлэн. Гадаадын хөрөнгө оруулалт зэрэгцээд хослоод ирэхлээр энэ улс санхүүгийн нэг том төв, өндөр технологи бүхий эдийн засгийн хаб болох зам дээрээ гараад ирсэн.
Хөрсөн дор байгаа их баялгаа улс төрчид нь өмчлөх, иргэний элдэв хөдөлгөөний тэмцлийн талбар болгохыг Назарбаев анхнаас нь хатуу хоригложээ. Нэгдүгээр туршлага нь энэ. Ихэнхийг нь хуу эзэмшиж олборлохыг шавдуулаагүй–хоёрдугаар туршлага нь. Гуравдугаар туршлага манайд хамгийн хамаатай. Манай улсад ашиглалт нэгдүгээрт, хайгуул хоёрдугаарт явдаг тул бүтэлгүйдэл ихтэй, хэрүүл тэмцэл тасрахгүй. Казахстанд хайгуулын зөвшөөрлийг хүссэн болгонд нь “хайр гамгүй” өгсөн, хайгуул хийхийн тулд бүгд өөрсдөө хөрөнгөө гаргасан. Тэгж ажиллаад Казахстаны нөөцийг нь тогтоогоод өгчихсөн.
Ганц салбар–уран гэхэд л долоон улсын 12 ураны уурхай тэнд ажиллаж байна. Манайд шууд л тусгаад авчихмаар туршлага л даа. Жишээ болгоод Казахстаны атомын аж үйлдвэрийн компанийн танилцуулгаас хоёр слайд сонирхуулъя.
Ийнхүү эдийн засгийн реформ гэдгээ ашигт малтмал олборлохтойгоо нягт хослуулсан түүх дурайж байна. Назарбаев нь $22 тэрбум байсан ДНБ-ыг $184 тэрбум болгоод халаагаа өгсөн. Энэ их мөнгөн дүнгийн ихэнх нь мэдээж эрдэс баялаг–түүхий эдийн цогцолборын хөгжлөөс босож ирсэн. Назарбаевын “Хоёр дахь баялаг” гэх үзэл онолоос үүдэлтэй. Нефть олборлохдоо мэдлэг шингээж ухаалгаар хандахыг ямагт уриалж байсан жишээ байна. Нефть ба хийн нөөцөөрөө хуучин СССР дотроо Оросын дараа жагсдаг. Тенгиз, Кашаган, Карачаганак гээд ордууд ярайна. Баялаг гэдэг нь сонгодог утгаараа тэнд боссон байна.
Казахстан нь байгалийн нөөц баялгаараа дэлхийд толгой цохино. Манайх ч ялгаагүй. Манайд Менделеевийн химийн үелэх схемийн бүх түүхий эд байна хэмээн нэрт геологич Ч.Хурц гуай ярьж байсансан. Илүү амлачихлаа. Манайх ер нь яагаад Казахстанаас дор байх ёстой вэ гэсэн асуулт намайг ээрээд салахгүй байгаа тул Ч.Хурц гуайн хэлснийг эшлэчихлээ.
Казахстан болбоос цайр, вольфрамын нөөцөөр дэлхийд 4-т, зэс ба флюритаар дэлхийд 3-т, марганцаар 3-т, молибденээр 4-т, алтны нөөцөөр 15-д, нефтиэр 12-т, дэлхийн төмрийн хүдрийн нөөцийн 10%, дэлхийн ураны нөөцийн 25% гээд чамлахааргүй үзүүлэлт байна. Казахстаны нефтийн салбар нь тус улсын эдийн засгийн чухал хөдөлгүүр, түлхэх хүч болж ирсэн ба ДНБ-ийнх нь 25%-ийг энэ салбар бүрдүүлдэг. Нийт уул уурхай нь ДНБ-ий 30%, аж үйлдвэрийн салбар 60% гаруйг бүрдүүлдэг. Экспортын 70% нь нефть ба хийн салбараас босож байна. Уран араас нь зуузай холбон урагшилна.
Тэгэхдээ энэ бүх амжилтын үндэс нь олборлоод гаргаж худалдаад байснаасаа илүүтэй тус улсад гурван үе шаттай явагдсан “Модернизац” гэдгээс нь улбаалжээ. Казахстанаас Туркэд ажиллаж байсан Элчин сайд Абзал Сапарбекулыйн бүтээлээс эшлэе. Юун модернизац вэ гэдгийг. Шинэчлэх, орчин үежүүлэх гэсэн санаа юм.
Эхний модернизац нь 1990-ээд оны эхэнд дөнгөж тусгаар тогтнолоо зарласных нь дараа хэрэгжжээ. Төрийн удирдлагын системээ зөв төлөвшүүлнэ (1), зах зээлийн эдийн засгийн үндсийг тавина (2), дэлхийн хамтын нийгэмлэгт зөв байраа эзэлнэ (3) гэсэн гурван зорилтыг шийджээ. Гуравласан шилжилт–эдийн засаг, нийгэм хүмүүнлэг, нийгэм-улс төр гэсэн салбарт хийжээ. Улс төрийн хөгжилд ардчилал нь загвар, хөгжилд нэмэр болно, харин улс үндэстний тогтвортой байдал, олон үндэстэн-ястан, шашинтны эв нэгдлийг үймүүлэх ёсгүй. Гол нь эдийн засгийн гүн гүнзгий өөрчлөлтийн фундаментыг зөв тавьж, зах зээлийн эдийн засгийн гол механизмыг төлөвшүүлэх ёстой. Урт хугацааны хөгжлийн стратегиа 1997 онд Назарбаев нийгэмдээ танилцуулж дэмжлэг авсан ба тэр нь 2030 он хүртэлх бүх салбарыг хамрахаар байв.
Модернизацын хоёрдугаар үе шат. 1990-ээд оны төгсгөл үеэс эхэлж 2010-аад оны дунд үед хэрэгжиж дууссан. Үндэсний хөгжлийн стратегийн хүрээнд реформын эхний үр дүн харагдаад эхэлсэн. Тогтвортой өсөлтийн зам дээр баттай гарч ирсэн. Төрийн институцийн тогтолцоо ба дундаж анги баттай төлөвшсөн. 1990-ээд оны эхэнд ДНБ нь хүн ам тутамдаа 700 доллар байсныг 2013 онд 12000 долларт хүргэсэн. Дэлхийн Банкны үнэлгээгээр Казахстан нь дундаж орлоготой улс орны жагсаалтад эргэлтгүй орж ирсэн. 1998, 2008-2009 оны дэлхийн эдийн засгийн хямралыг Казахстан онцын гарз хохиролгүй давсан. Шинэ нийслэлээ босгож, дэлхийг дэлдийлгэсэн том амжилт үзүүлсэн. Шинэ нийслэлдээ дандаа стратегийн цогцолбор зорилтуудыг хэрэгжүүлж байна. 2012 онд Казахстан нь өрсөлдөх чадвартай дэлхийн 50 улсын эгнээнд орж ирсэн бол “Казахстан-2050” стратегиа дэвшүүлэхдээ дэлхийн өндөр хөгжил бүхий тэргүүлэх 30 улсын дотор орж ирнэ гэв. 2050 гэлтгүй хамаагүй наана тэр “30” дотроо орохоор байна.
Модернизацын гуравдугаар үе шат. 2017 онд тунхаглаад одоо хэрэгжүүлж байна. Өсөлт гэдгээ потенциалын өсөлт байх болно хэмээн тодотгов. Эдийн засаг зөвхөн үр бүтээлтэй хөгжинө, хөрөнгө оруулалт татсаар байх болно, инновацын аж үйлдвэр хөгжүүлнэ, нийгмээ цааш нь модернизац руу түлхэнэ, ард түмнийхээ эв нэгдлийг хангана. Хүний капиталыг орой дээрээ зална, оюун санааны модернизац хийнэ, хиймэл оюун хөгжүүлнэ. Энэ бүхнээ “Рухани жаңғыру” гэх хөтөлбөрөөр хөгжүүлнэ. Одоо гуравдугаар үе шат нь төгсгөл рүүгээ явж байна.
Ийм л байна. Олж сонссон, эрж олж уншсанаасаа хуваалцахад.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!