Алдар гавьяаны замнал бүтээсэн ахмадын байгууллага
-Монгол Улсад ахмадын байгууллага байгуулагдсаны 95 жилийн ойд-
Монгол Улсад ахмадын байгууллага үүсэн байгуулагдсаны 95 жилийн ой энэ онд тохиож байна.
Түүхэн ойг тохиолдуулан Монголын ахмадын байгууллагын түүхэн замналаас товчлон толилуулъя.
Монгол Улсад ахмадын байгууллагын үндэс суурь тэртээ 1930-аад онд анх тавигджээ.
БНМАУ-ын Бага Хурал ба Засгийн газрын тэргүүлэгчдийн 1931 оны долоодугаар сарын 4-ний өдрийн 18-р хамтарсан хуралд бүх цэргийн жанжин Г.Дэмидээс 1921 онд ардын журамт цэрэгт элсэн орж, гадаадын эзэрхэг түрэмгий цэргийг эх нутгаасаа хөөн зайлуулж, ардын хувьсгалыг мандуулах их үйлст биечлэн оролцож, идэвхтэйгээр байлдан тэмцэж ялалт байгуулсан хүмүүсийг “Ардын хувьсгалын улаан партизан” хэмээн нэрлэж, тэдгээрийг бүртгэн үнэмлэх дэвтэр олгож, халамж хөнгөлөлт үзүүлж байх тухай томоохон илтгэл оруулан хэлэлцүүлжээ.
Тус хурлаас дараах шийдвэрийг гаргасан байдаг:
Хорин нэгдүгээр оны долдугаар сарын дөрөвний өдөр
Улсын Бага Хурал, Засгийн газрын тэргүүлэгчид нарын хавсран хуралдсан 18-р хурлын тогтоол
БНМАУ-ын 11-р онд дотоодын хар шар харгис феодалуудын ёсны эзэрхэг байдал ба гадаадын эзэрхэг хөрөнгөтний дарлагдлаас тус тус ангижруулан гаргаж, эрх чөлөөг олгох байлдаанд идэвхтэйгээр хүчин зүтгэж явсан хүмүүст тэтгэвэр хөнгөвчлөл зэргийг олгох тухай илтгэлийг нөхөр Дэмидээс илтгэснийг хэлэлцээд нөхөр Дэмидийн илтгэсэн нь зүйтэй болохын дээр энэ төлөвлөж ирсэн зүйлийг нь зүйтэй тул ёсоор болгон батлав.
Хурлын дарга Лааган
Ерөнхий сайд Жигжиджав
Гишүүд: Бадрах, Дэмид, Дэндэв, Догсом, Янжмаа, Дуламжав
(Үндэсний төв архив фонд 1 данс 2 х.н 444)
Энэхүү шийдвэрийг биелүүлэх ажлыг Цэргийн явдлын яаманд хариуцуулсан учир ардын хувьсгалын партизануудыг судлан бүртгэх, үнэмлэх олгох, хөнгөлөлт үйлчилгээ үзүүлэх, тэдэнтэй холбогдох асуудлыг нам, төрийн дээд байгууллагад танилцуулж шийдвэрлүүлж байх ажлыг гардан гүйцэтгэх Партизаны комиссыг Хувьсгалт цэргийн зөвлөлийн дэргэд, жанжин Г.Дэмидээр даргалуулан байгуулсан байна.
Түүхч, эрдэмтэн судлаачид энэ комисс нь Монголын ахмадын байгууллагын үндэс мөн гэж үздэг бөгөөд тус байгууллага эдүгээ 95 дахь жилтэйгээ золгож байна.
Ардын хувьсгалын партизаны дүрэмд 1938, 1942, 1957, 1968 гэх мэт онуудад нэмэлт, өөрчлөлт оруулж байсан бөгөөд партизануудын эдлэх эрх, тэдэнд үзүүлэх хөнгөлөлт, тусламж, үйлчилгээг тухайлан зааж байсан байна. Тухайлбал,
- өндөр настай болсон буюу өвчний зэрэг шалтгаанаар хөдөлмөрийн чадвараа алдвал улсаас байнгын мөнгөн тэтгэвэр олгож байх;
- тэтгэвэр авдаггүй партизанууд хөдөлмөрийн чадвараа түр алдаж, амьдралд нь гачигдал тохиолдох, түүнчлэн гэр бүлдээ хөдөлмөрийн чадваргүй олон ам бүлтэй бол улсаас жил тутам 600-1200 төгрөгийн буцалтгүй тусламжийг нэг удаа олгох;
- орон сууцны хөлсийг 50 хувь хөнгөлөх, хот суурин газарт автобусанд үнэ төлбөргүй явах, хувийн мал аж ахуй нь албан татвараас 20 хувь, хувийн хашаа байшин нь бүрмөсөн чөлөөлөгдөх
- нас барсан тохиолдолд гэр бүлд нь улсаас зохих тусламж өгөх;
- үзвэрийн газар, дэлгүүр, эмнэлэг, халуун ус, үсчин зэрэгт дугаарлахгүй үйлчлүүлж байх гэх мэтээр зааж байв. Эдгээр хөнгөлөлт, тусламжийн төрөл, хэмжээ, мөнгөн дүн нь дүрэмд өөрчлөлт оруулах бүрд нэмэгдэж байв.
1921 оны ардын хувьсгалын партизанаар нийт 1,111 хүнийг бүртгэж баталгаажуулсны дээр ардын хувьсгалын үйл хэрэгт биеэр оролцож явсан ЗХУ-ын харьяат 20 иргэнд партизаны үнэмлэх олгожээ. 1931 оны бүртгэлээр партизануудын дотор 40-50 насныхан 364, 50-60 хүртэл насныхан 99, 60-аас дээш настан 46 байсан байна. Өөрөөр хэлбэл партизануудын 50 гаруй хувь нь 40-өөс дээш насныхан байсан учир Партизаны комиссыг Монголын ахмадын байгууллагын үр хөврөл гэж үзэх бүрэн үндэстэй юм.
Партизаны хэрэг эрхлэх комисс нь 1931-1969 он хүртэл 39 жил бие даан үйл ажиллагаа явуулсан бөгөөд Комиссын даргаар Г.Дэмид (1931-1938), Х.Чойбалсан (1938-1941), Д.Дашзэгвэ (1941-1946), С.Янжмаа (1946-1950), (1953-1962), Г.Бумцэнд (1950-1953), П.Тогтох (1962-1969) нар ажиллаж байжээ.
МАХН-ын Төв Хорооны Улс төрийн Товчоо 1968 оны 93-р тогтоолоороо БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дэргэдэх Партизаны хэрэг эрхлэх комиссыг өөрчлөн өргөтгөж, БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн газрын дэргэд Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтний хороо байгуулахаар тогтоосон байна. Энэ шийдвэр нь зөвхөн партизануудаар хязгаарлахгүй, 1939, 1945 оны дайнд оролцож гавьяа байгуулсан зэвсэгт хүчний ахмад дайчид, нам төр, олон нийт, аж ахуй, соёлын байгууллагын шилдэг зүтгэлтэн ахмадуудыг улсын хэмжээний Ахмадын байгууллагад нэгтгэх зорилгоос үүдсэн шийдвэр байв. Ингэхдээ ХТАЗ-ий хорооны гишүүнээр тусгай шалгуурын дагуу бүртгэн авдаг байв. “Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн” цолыг нийт 943 хүн хүртсэн байдаг.
МАХН-ын Төв Хорооны Улс төрийн Товчоо 1969 оны 13-р тогтоолоороо БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн дэргэдэх ХТАЗ-ий хорооны түр дүрмийг баталж, уг хорооны бүрэлдэхүүнийг 15 хүнээр тогтоож, даргаар нь хошууч генерал Ж.Цэнд-Аюушийг сонгосон байна. Мөн ХТАЗ-ий салбар зөвлөлийг аймаг, хотуудад байгуулахаар заажээ. 1980 оны эцэс гэхэд улсын хэмжээнд 25 салбар зөвлөл ажиллаж байжээ.
БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн газрын дэргэдэх ХТАЗ-ий хорооны даргаар Ж.Цэнд-Аюуш (1969-1971), С.Лувсан (1971-1978), Б.Дорж (1978-1982 оны 8-р сар), Ж.Жамъян (1983-1988) нар ажиллаж байв.
Тус байгууллага 1988 он хүртэл үйл ажиллагаа явуулсан бөгөөд МАХН-ын Төв Хорооны Улс төрийн товчоо 1988 оны гуравдугаар сарын 21-ний 58-р тогтоолоороо Монголын ахмадын холбоо байгуулах тухай шийдвэр гаргажээ.
Энэ тогтоолд, ХТАЗ-ий байгууллагын үйл ажиллагаа нь зөвхөн түүнд бүртгэгдсэн ахмадуудын явцуу хүрээнээс халихгүй байна. Ахмад настнуудыг нийтэд нь хамарсан байгууллага буй болгох тухай зүй ёсны саналыг МАХН-ын Төв Хороонд хөдөлмөрчид, ахмадуудаас удаа дараа тавьсаар байгааг үндэслэн Ардын хувьсгалын партизан, хувьсгалт тэмцлийн болон хөдөлмөрийн ахмадууд, ахмад дайчдын олон нийтийн байгууллага Монголын ахмадын холбоог байгуулахаар шийдвэрлэснийг тэмдэглэсэн байна.
Монголын ахмадын холбоог зохион байгуулах Бага хурал 1988 оны гуравдугаар сарын 25-нд хуралдаж, тус хуралд аймаг, орон нутгаас 452 төлөөлөгч сонгогдсоноос 445 төлөөлөгч хүрэлцэн иржээ. Тус хуралд БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга, МАХН-ын Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Батмөнх баярын мэндчилгээ дэвшүүлэн үг хэлж, МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга, БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн орлогч дарга Ц.Намсрай илтгэл тавьжээ.
Бага хурлаас Монголын ахмадын холбооны дүрмийг хэлэлцэн баталжээ. Дүрэмд:
Ийнхүү Монголын нийт ахмадуудыг эгнээндээ нэгтгэсэн Ахмадын төв байгууллага 1988 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн байна. Тус байгууллагын даргаар Өлзийхутагийн Чойжилсүрэн (1988-1991), Самбуугийн Цэвээн (1991-1994), Жамбын Цэндсүрэн (1994-2012) нар ажиллаж байсан бол 2014 оноос Монголын ахмадын холбооны ерөнхийлөгчөөр Цэндийн Сүхбаатар, Гүйцэтгэх захирал бөгөөд Ажлын албаны даргаар П.Бямбацэрэн нар ажиллаж байна.
Монголын ахмадын холбооны их хурлууд 1991, 1995, 1998, 2002, 2006, 2010, 2017 онд хуралдсан бөгөөд 2017 онд хуралдсан VII их хурлаараа Ахмадын байгууллагуудын бодлого, үйл ажиллагааны шинэ стратегийг дэвшүүлж, Холбооныхоо дүрэм, үйл ажиллагааны шинэ хөтөлбөрийг баталснаар ахмадын төв байгууллагын үйл ажиллагааны нэгэн шинэ үе эхэлсэн юм.
Монгол Улсын төр, засаг ахмад настнуудынхаа эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, тэтгэвэр, тэтгэмжийн асуудалд байнга анхаарсаар ирсэн. УИХ-аас 1994 онд баталж мөрдүүлсэн Нийгмийн даатгалын болон Нийгмийн халамжийн багц хуулиудаар нийт ахмад настнуудынхаа 90-ээс дээших хувьд нь ямар нэг хэмжээний тэтгэвэр, тэтгэмж олгодог тогтолцоог бүрдүүлсэн юм.
Тэрчлэн Ахмад настан, түүнд үзүүлэх хөнгөлөлт, үйлчилгээний тухай анхны хуулийг 1996 онд батлан мөрдүүлж байсан бол 2005 онд Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийг баталсан. Улмаар 2017 онд Ахмад настны тухай бие даасан хуулийг баталж, 2024 онд шинэчлэн найруулснаар ахмад настнуудын эрх, нийгмийн хамгаалал, ахмадын байгууллагуудын үйл ажиллагааны эрх зүйн цоо шинэ орчин бүрдсэн билээ. Монгол Улс ийнхүү Ахмад настны тухай тусгайлсан хуультай цөөн улс орны нэг болсон юм.
Дээр дурдсан хуулиудаас гадна Алдар цолтой ахмад настанд төрөөс нэмэгдэл хөнгөлөлт олгох тухай хууль (2017), Ахмад настанд “Насны хишиг” олгох тухай Засгийн газрын тогтоол (2017), Монгол Улсын төрөөс Хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлого (2004), Хүн амын насжилтын асуудлаарх Үндэсний стратеги (2009 он), Эрүүл насжилт, настны эрүүл мэнд үндэсний хөтөлбөр (2013), Ахмад настны хөгжил, хамгааллын Үндэсний хөтөлбөр (2019) зэрэг бодлогын баримт бичгүүдийг батлан хэрэгжүүлж байна.
Монголын ахмадын холбоо нь Төрөөс ахмад настны талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, ахмад настныг нийгмийн амьдралд эрх тэгш оролцуулах, хөдөлмөр эрхлэх боломж бүрдүүлэх, тэдний нийгмийн хамгааллыг сайжруулах, нийгэмд насжилтын талаар эерэг хандлага, зан байдлыг бий болгох талаарх Засгийн газрын бодлого шийдвэрийг сурталчлах, ахмад настны аж байдлыг судалж дүгнэлт, санал гаргах, ахмад настан бүрд хүрч ажиллах, тэдний санал сэтгэгдлийг сонсох, амьжиргааны түвшин доогуур ахмадуудад дэмжлэг туслалцаа үзүүлэх, Ахмад настны тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж сурталчлах зэрэг асуудлаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай гэрээ байгуулан олон төрлийн ажил зохион байгуулж хэрэгжүүлж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!






