Оросын бас нэг газрын тосны үйлдвэр Украины агаарын цохилтод өртөж, Путин түр гал зогсоох санал гаргав

Т.Давааням, ikon.mn
45 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Украины нисгэгчгүй онгоцнууд өчигдөр фронтын шугамаас 1,500 гаруй километрийн зайд орших Оросын төв бүсийн Перм хотод байрладаг газрын тос боловсруулах үйлдвэрт довтолжээ.

Лукойл компанийн эзэмшдэг энэ байгууламж нь Оросын хамгийн том үйлдвэрүүдийн нэг юм.

Сошиал сүлжээнд нийтлэгдсэн гэрэл зурагт халдлагын дараа тэнгэрт үүссэн өтгөн хар утаан баганыг харуулжээ.

Перм хотын зарим хэсэгт агаарт тархсан хортой химийн бодистой холбоотой онц байдал зарласан байна.

Сүүлд хотын захиргаа уг арга хэмжээгээ ердийн туршилт байсан гэж тайлбарлажээ.

Украины зэвсэгт хүчин Оросын дайны санхүүжилтийн эх үүсвэрийг сулруулахын тулд газрын тосны дэд бүтцүүдэд амжилттай довтолж байгаагийн сүүлийнх нь Лукойлын үйлдвэр болж байна.

Хариуд нь Оросын тал Украины хотуудыг чиглэсэн агаарын довтолгоогоо тогтмол үргэлжлүүлж байгаа.

Лхагва гарагийн орой болсон ээлжит довтолгооны улмаас гурван хүн алагдаж, 79 хүн шархадсаны дотор нэг хүүхэд байжээ.

Энэ долоо хоногийн эхээр Украины аюулаас хамгаалах алба СБУ  бас Перм хотод байрладаг стратегийн ач холбогдолтой газрын тосны дамжуулах хоолойн дэд бүтцэд амжилттай довтолсноо мэдээлж байв.

Оросын эрх баригчид хэдийгээр ийм халдлагуудад төдийлөн ач холбогдол өгөхгүй байгаа мэт дүр эсгэдэг ч бодит байдал дээр толгойн өвчин болж байна.

Энэ сарын эхээр Хар тэнгисийн эргийн Туапсе хотын газрын тосны дэд бүтцэд хэд хэдэн удаа агаарын цохилт өгсний улмаас байгаль орчны ноцтой бохирдол үүсээд байгаа.

Лхагва гарагт Кремлийн эрх баригчид тавдугаар сарын 9-ний өдөр зохион байгуулагдах ялалтын баярын цэргийн жагсаалд Украины “террорист аюул заналхийлэл”-ийн улмаас зэвсэг техник оролцуулахгүй байх шийдвэрийг зарласан.

Тухайн өдрийн орой АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай 90 минутын турш утсаар ярихдаа ОХУ-ын ерөнхийлөгч Путин ялалтын баярын өдөр түр гал зогсоох санал гаргажээ.

“Трамп энэ саналыг идэвхтэй дэмжиж, энэ баяр Нацист Германы эсрэг бидний хамтын ялалтыг тэмдэглэж буйг цохон тэмдэглэсэн” гэж Путиний зөвлөх Юрий Ушаков өчигдөр мэдээлжээ.

Үүний дараа Украины ерөнхийлөгч Володимир Зеленский ямар санал тавьсан талаар АНУ-ын талаас дэлгэрэнгүй мэдээлэл авах хүсэлтэй байгаагаа мэдэгдсэн байна.

“Бид энэ нь яг юуны тухай болохыг тодруулах болно. Москвад болох жагсаалын хэдхэн цагийн аюулгүй байдал уу, эсвэл үүнээс илүү зүйл үү гэдгийг мэдэх хэрэгтэй” гэж тэр хэлжээ.

Гэхдээ Зеленский урт хугацаанд гал зогсоох, энх тайван тогтоох нь Украины сонирхол болохыг бас илэрхийлсэн байна.

Утсаар ярих үеэрээ Трамп фронтын нөхцөл байдлын талаар Путиний үнэлгээг сонсохыг хүссэн тухай Ушаков өчигдөр мэдээлжээ.

Путин өөрийнх нь зэвсэгт хүчин “стратегийн санаачилгыг гартаа авч, дайсныг байрлалуудаас нь ухрааж байгаа” гэж түүний асуултад хариулсан гэнэ.

Гэвч Украины тал сүүлийн саруудад зарим газар нутгийг чөлөөлж, технологийн давуу талаар Оросын армид ихээхэн хохирол учруулж байгаа гэсэн мэдээлэл бий.

Тухайлбал АНУ-д төвтэй ISW (Institute for the Study of War) хүрээлэн сүүлийн тайландаа Украины зэвсэгт хүчин Оросын цэргүүдийн “хохирол, зардлыг улам нэмэгдүүлж байна” гэж бичжээ.

Кремлийн эрх баригчид Орос улс ялалтад ойрхон байгаа гэдэгт Трампыг итгүүлэх замаар дайны өсөн нэмэгдэж буй зардлаа бууруулахыг чармайж байгааг энэ тайланд бас дурдсан байна.

 

Эх сурвалж: BBC