Чарльз хааны айлчлалын дараа Шотланд вискийг зарим татвараас чөлөөлж байгаагаа Трамп зарлажээ
Энэ долоо хоногт Их Британийн хаан III Чарльз, хатан Камилла нарын төрийн айлчлал АНУ-д болж өнгөрсөн билээ.
Өчигдөр буюу Пүрэв гарагт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп хааны айлчлалын дараа Шотланд вискийг зарим татвараас чөлөөлж байгаагаа зарлажээ.
“Хаан, хатан хоёр надаас өөр хэн ч хийж чадахгүй зүйлийг бараг л асуулгүйгээр хийлгэлээ” гэж Трамп сошиал хуудсандаа бичсэн байна.
Хүмүүс шотланд вискиний асуудалд анхаарлаа хандуулахыг, ялангуяа түүнийг хадгалдаг модон торхны асуудалд анхаарлаа хандуулахыг өөрөөс нь хүсэж байсныг Трамп энэ үеэр тайлбарлажээ.
Эндээс үзвэл Трамп уг бүтээгдэхүүний импортын татварыг чөлөөлсөн, эсвэл үүнийг үйлдвэрлэхэд ашигладаг материалтай холбоотой ямар нэг шийдвэр гаргасан бололтой.
Яг ямар арга хэмжээ авах гэж буй талаар Цагаан ордон тодорхой мэдээлэл өгөөгүй байна.
Трампын засаг захиргаа 2025 онд Их Британи улстай худалдааны гэрээгээ шинэчлэхдээ ихэнх бараа бүтээгдэхүүнийх нь импортын татварыг 10 хувь болгож байв.
Шотланд Вискийн Холбоо өмнө нь импортын татварын улмаас АНУ-д гаргадаг экспорт нь 15 хувиар унасныг мэдээлж байжээ.
Сүүлд Цагаан ордонд сэтгүүлчидтэй уулзахдаа Трамп “Би Шотланд болон Кэнтаккийн хоорондын хамтын ажиллагааг сэргээхэд шаардлагатай бүх хоригийг цуцаллаа” гэж хэлсэн байна.
Эндээс харвал Шотландын виски үйлдвэрлэгчид болон Кентакки мужийн бурбон дарс үйлдвэрлэгчдийн хоорондын модон торхны худалдаанд байсан саадыг арилгаж буй бололтой.
Трамп архи дарсны наймааг Европын орнуудтай худалдааны гэрээгээ шинэчлэхэд хөшүүрэг болгон ашиглаж байсан.
Тухайлбал тэр Европын дарсны импортын татварыг 200 хувиар өсгөхөөр сүрдүүлсэн нь Франц, Итали зэрэг улсуудад томоохон дарамт учруулж байлаа.
Европын орнууд хариуд нь Америкийн бурбон дарс болон бусад бүтээгдэхүүний импортын татварыг өсгөхөө мэдэгдэж байв.
Энэ маргааны эцсийн дүнд Трамп үйсэн бөглөөг татвараас чөлөөлсөн нь уг материалын гол нийлүүлэгч Португал улсад маш том хөнгөлөлт болсон юм.
Эх сурвалж: Associated Press
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
