Амьтан чандарлах газраас эхнэрийнх нь цогцос олдсоны дараа Хоккайдогийн амьтны хүрээлэнгийн ажилтныг баривчилжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Японд гарсан ноцтой гэмт хэргийн учиг тайлагдахад нэг алхам ойртсон байна.

Пүрэв гарагт Хоккайдо арлын Асахикава хотын Асахияама амьтны хүрээлэнгийн амьтан чандарлах зуухнаас эхнэрийнх нь цогцсын хэсэг олдсоны дараа цагдаа нар тус хүрээлэнгийн ажилтныг баривчилжээ.

33 настай Тацуяа Сүзүки нас чацуу эхнэрийнхээ цогцсыг гуравдугаар сарын 31-ны орчим ажлын байрандаа авчирч, шатаасан хэрэгт сэжиглэгдэж байсан нь ийнхүү баримтаар нотлогдсон юм байна.

Тэрбээр хийсэн хэргээ хүлээжээ.

Одоо цагдаа нар Сүзүки өөрөө эхнэрийнхээ амийг хөнөөсөн эсэхийг тогтоохоор мөрдлөгөө үргэлжлүүлж байгаа юм байна.

Эхнэр Юйгийнх нь төрөл төрөгсөд дөрөвдүгээр сарын 23-ны өдөр цагдаагийн газарт хандаж, гуравдугаар сарын сүүлээс хойш түүнтэй холбоо барьж чадахгүй байгаагаа мэдээлснээр мөрдлөг эхэлж байжээ.

Сүзүкигийн өгсөн мэдүүлэг дээр үндэслэн цагдаа нар амьтны хүрээлэнгийн чандарлах зууханд нэгжлэг явуулаад цогцсын хэсгийг илрүүлсэн байна.

Гэмт хэрэг гарах үед Сүзүки эхнэртэйгээ хамт амьдарч байжээ.

Асахияама амьтны хүрээлэн бол Японы өнцөг булан бүрээс жуулчдыг татдаг алдартай газар юм. Гуравдугаар сарыг хүртэл нэг жилийн хугацаанд тус хүрээлэнд 1.33 сая орчим хүн зочилжээ.

Хүрээлэн зуны улирлын үйл ажиллагаандаа бэлдэх зорилгоор хэсэг хугацаанд хаагдаад байсан юм. Улирлын нээлт энэ долоо хоногийн Лхагва гарагт төлөвлөгдсөн байсан ч дээрх мөрдлөгтэй холбоотойгоор Баасан гараг хүртэл хойшилж байжээ.

 

Эх сурвалж: Kyodo News