Туркменистаны эрх баригчид иргэдийнхээ Старлинк төхөөрөмжийг илрүүлэх, хурааж авах ажиллагааг эхлүүлжээ
Туркменистанд цагдаа нар орон сууцнуудын дээвэр дээгүүр нэгжлэг явуулж, иргэдийн ашиглаж буй Старлинк хиймэл дагуулын интернэтийн системийг хурааж эхэлжээ.
“Тэд ирээд шууд дээвэр дээр гардаг. Тэд дээвэр дээр байгаа тоног төхөөрөмж бүрийг нэгбүрчлэн шалгаж, Старлинк байвал шууд хурааж байна” гэж тус улсын зүүн бүсийн Туркменабат хотын оршин суугч мэдээлсэн байна.
Ийм тоног төхөөрөмж ашиглаж байсан иргэдийг баривчлан цагдаагийн хэсэгт саатуулсан тохиолдлууд гарсныг гэрчүүд бас мэдээлжээ.
Үүнээс гадна харилцаа холбооны байгууллагын ажилтнууд орон сууцнуудын дээврийг тогтмол шалгаж, цагдаагийн байгууллагад мэдээлэл өгөх “тагнуулын ажиллагаа” явуулдаг болсон байна.
Старлинкийг илрүүлэх ажиллагаа дөрөвдүгээр сарын дундаас эхэлснийг Туркменистаны дотоод үйл явдлаар дагнадаг гадаад дахь хараат бус сайт мэдээлжээ.
Старлинкийн терминалууд 2025 оны сүүл үеэс эхлэн Туркменистанд харагдах болсон гэнэ.
Энэ нь дэлхийн хамгийн хаалттай улсуудын нэгний ард иргэдэд гадаад ертөнцтэй танилцах чухал хэрэгсэл болж эхэлжээ.
Хойд бүсийн Дашогуз хотын нэг оршин суугч 2025 оны арваннэгдүгээр сард “хөрш амьдардаг цөөн тооны чинээлэг айл өрхүүд мөнгөө нийлүүлээд Дубай хотоос Старлинкийн төхөөрөмж авдаг болсон. Тэд мөнгөө гадаадын банканд байршуулаад сарын хураамжаа төлдөг” гэж мэдээлж байв.
Туркменистаны дотоод интернэтийн үйлчилгээ маш удаан, бас найдваргүй байдаг. Өндөр хөгжилтэй орнуудад хэдхэн секундэд үзэх боломжтой контентыг тус улсад бүтэн минут хүлээж үздэг байна.
Тиймээс авсан багцаасаа хамаараад 100-300 Mbps хурдтай ажилладаг Старлинк нь ямар нэг хязгаарлалт шүүлтүүргүй тул мэдээллийн жинхэнэ эрх чөлөөг Түркменистаны иргэдэд амтлуулдаг юм.
Тус улсын эрх баригчид өмнө нь интернэтийн хяналт хязгаарлалтаа “нийгмийн дэг журмыг алдагдуулах, терроризм, экстремизм, хэт үндсэрхэг үзэл болон бусад хууль бус үйл ажиллагааг сурталчлахаас урьдчилсан сэргийлэх зорилготой” гэж тайлбарлаж байжээ.
Эх сурвалж: Radio Free Europe
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
