Поп од Бритни Спирс согтуурч, мансуурсан үедээ замын хөдөлгөөнд оролцсон хэрэгт буруутгагджээ
Калифорни мужийн прокурорын газар өчигдөр поп од Бритни Спирсийг согтуурч, мансуурсан үедээ замын хөдөлгөөнд оролцсон хэрэгт буруутгаж байгааг зарлажээ.
44 настай тэрбээр согтууруулах ундаа болон доод тал нь нэг төрлийн мансууруулах бодис хэрэглэсэн үедээ автомашин жолоодож, замын хөдөлгөөнд оролцсон хэрэгт буруутгагдсаныг албаны бичиг баримтад дурдсан байна.
Гэхдээ ямар төрлийн согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн болон ямар тун хэмжээтэй байсан талаар дэлгэрүүлээгүй байгаа юм.
Спирс гуравдугаар сарын 4-ний өдөр гэрийнхээ ойролцоох хурдны зам дээр хар өнгийн BMW автомашиныг хурдтай, тогтворгүй жолоодож байгаад цагдаа нарт саатуулагдаж байв.
Цагдаагийн хэсэгт хоригдсон түүнийг маргааш нь батлан даалтаар суллаж байжээ.
Гуравдугаар сарын 23-ны өдөр мөрдөн байцаалт дуусаж, хэргийг прокурорт шилжүүлсэн юм.
Тухайн үед хэргийг хариуцсан мөрдөгч Спирсийн үйлдлийг “өршөөх боломжгүй” гэж тодорхойлоод үүнийг “амьдралд нь гарах ёстой удаан хүлээгдэж буй өөрчлөлтийн эхний алхам” болох ёстой гэж мэдэгдэж байжээ.
Спирс баривчлагдсанаасаа хойш нэг сар гаруй хугацааны дараа сайн дураар донтолтын эсрэг эмчилгээнд хамрагдсаныг түүний өмгөөлөгч мэдээлсэн байна.
Түүний шүүх хурал ирэх Даваа гарагт товлогдсон бөгөөд хөнгөн гэмт хэрэг тул биечлэн оролцох шаардлагагүйг прокурорын газар мэдээлжээ.
Бритни Спирс 1990-2000-аад оны үед өсвөр насандаа дэлхийн хөгжмийн супер од болж, гаргасан ихэнх цомог нь “platinum” гэрчилгээ авч байсан юм.
Тэдгээрээс 1999 оны “Baby One More Time”, 2000 оны “Oops!…I Did It Again” хоёр цомог “diamond” гэрчилгээ авч байжээ.
Гэвч 2000-аад оны эхээр тэр шар хэвлэлүүдийн анхаарлын төвд орж, папарацциудын бай болсны улмаас сэтгэцийн өвчтэй болсон юм.
2008 онд шүүхийн шийдвэрээр түүнийг аав, өмгөөлөгчийнх нь хамгаалалтад шилжүүлж, санхүү болон хувийн амьдралтай холбоотой бүх шийдвэрүүдийг нь хянуулах болжээ.
Уг арга хэмжээг 2021 онд цуцалсан юм.
Тэр үеэс хойш Спирс гэрлэж, салж, “The Woman in Me” нэртэй дурсамж номоо хэвлүүлсэн нь бэстселлэр болоод байгаа.
Тэрбээр 2016 онд сүүлчийн бүрэн цомгоо гаргаснаас хойш цөөн тооны хамтарсан сингл уран бүтээл гаргасныг эс тооцвол үндсэндээ урлагаас зодог тайлсан юм.
Эх сурвалж: Associated Press
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
