Хиймэл оюуны эрэлтийн нөлөөгөөр Самсунгийн чипийн орлого бараг 50 дахин өсөж, улирлын ашиг нь дээд амжилт тогтоов
Пүрэв гарагт Өмнөд Солонгосын Самсунг Электроникс компани өнгөрсөн нэгдүгээр улирлын санхүүгийн тайлангаа танилцуулжээ.
Хиймэл оюуны эрэлтийн улмаас тус компанийн хагас дамжуулагч чипийн орлого 49 дахин өссөнөөр түүхэндээ байгаагүй өндөр ашигтай ажилласан байна.
Дэлхий даяар AI дата төвүүд олноор байгуулагдаж байгаа нь Nvidia компанийн хиймэл оюуны дэвшилтэт чипүүдийн эрэлтийг эрс нэмэгдүүлж, үүнд ашиглагддаг Самсунгийн санах ойн эрэлтийг давхар өсгөжээ.
Гэхдээ энэ өндөр эрэлтийг цаашдаа хангахад хэцүү болж байгаа болон уламжлалт чипийн үйлдвэрлэл нь шахагдаж болзошгүй байгааг Самсунг мэдэгдсэн байна.
“Манай нийлүүлэлт зах зээлийн эрэлтээс хамаагүй бага байна. 2027 оны захиалгаас харвал 2027 оны эрэлт, нийлүүлэлтийн зөрүү 2026 оныхоос ч өсөх төлөвтэй байна” гэж Самсунгийн санах ойн чипийн бизнес хариуцсан дэд захирал Ким Жэ Жүн тайлангийн хурлын үеэр мэдэгджээ.
Дэлхийн санах ойн чипийн тэргүүлэх үйлдвэрлэгч Самсунг юм.
Үүнээс нэг өдрийн өмнө Alphabet, Amazon, Meta, Microsoft зэрэг АНУ-ын технологийн томоохон компаниуд хиймэл оюуны хөгжүүлэлтэд зориулсан зардлаа тогтмол өсгөх төлөвтэй байгаагаа илэрхийлцгээж байв.
Энэ оны нэгээс гуравдугаар сарын хооронд Самсунгийн чип бизнесийн салбарын үйл ажиллагааны ашиг өнгөрсөн оны мөн үеийн 1.1 их наяд воноос ($774 сая) 53.7 их наяд ($36.15 тэрбум) болон огцом өсөж, улирлын дээд амжилтыг тогтоожээ.
Энэ нь тус компанийн улирлын нийт ашиг 57.2 их наяд воны 94 хувийг бүрдүүлсэн байна.
Компанийн улирлын нийт орлогын хэмжээ жилийн өмнөхөөсөө 69 хувиар өсөж, 133.9 их наяд вонд хүрчээ.
Үйлдвэрлэлд чухал ач холбогдолтой гелийн хийг хангалттай хэмжээгээр нөөцөлсөн тул Ойрх Дорнодын мөргөлдөөн үйлдвэрлэлд нь саад болохгүйг Самсунг мэдэгдсэн байна.
Гэхдээ газрын тосны үнийн өсөлт тээвэрлэлтийн зардалд нөлөөлж болзошгүйг анхааруулжээ.
Эрчим хүчний хангамжийг тогтвортой байлгах тал дээр Өмнөд Солонгосын засгийн газартай хамтран ажиллаж байгаагаа тус компани мэдэгдсэн байна.
Самсунгийн хувьцааны ханш энэ оны турш 88 хувиар өссөн нь ерөнхий хөрөнгийн зах зээлийн 57 хувийн өсөлтөөс ч давсан үзүүлэлт юм.
Самсунгийн өрсөлдөгч SK Hynix компани өнгөрсөн долоо хоногт мөн улирлын орлого нь тав дахин өсөж, ашгийн хэмжээ нь дээд амжилт тогтоосныг зарлаж байв.
Гэхдээ Самсунгийн ажилчдыг төлөөлдөг үйлдвэрчний эвлэлүүд цалингийн хэмжээг өсгөхийг шаардсан ажил хаялт зарлаж болзошгүй байгаа нь чипийн үйлдвэрлэлд тасалдал үүсгэх эрсдэл болж байгаа.
Apple-ийн дараа дэлхийн хоёр дахь том ухаалаг гар утас үйлдвэрлэгч болдог Самсунг эд ангийн өртөг өссөнтэй холбоотойгоор өнгөрсөн улиралд гар утасны салбарынх нь ашиг буурсныг мэдээлжээ.
Тухайлбал нэгдүгээр улирлын ашиг нь 35 хувиар буурч, 2.8 их наяд вонд хүрсэн байна. Дэлгэцийн үйлдвэрлэлийн салбар нь бас 20 хувийн бууралттай тулгарч, 400 тэрбум воны ашиг олжээ.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
