Б.Булганцогт: Дунд гол орчмын авто замын заадсуудыг нөхөж байна

Д.Янжиндулам, ikon.mn
27 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Нийслэл хотод авто замын засвар, арчлалтын ажлууд үргэлжилж байгааг Нийслэлийн Замын Хөгжлийн Газраас мэдээлэв.

Тухайлбал Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт авто замын заадсыг нөхөх ажлыг гүйцэтгэж байгаа аж.

Энэ тухай ажил гүйцэтгэгч "Гоц тех инженеринг" ХХК-ийн захирал Б.Булганцогт "Нийслэлийн Засаг даргын Тамгын Газартай гэрээ байгуулж, Хан-Уул дүүргийн авто замын арчлалт, засварын ажлыг гүйцэтгэж байна. Гэрээний хүрээнд авто замын нүхэн эвдрэлийг засах, 20,000 метр заадас нөхөх ажлыг гүйцэтгэх юм. 

Өнөөдрийн байдлаар Морингийн давааны авто замын заадсыг нөхөж дууссан бол одоо Дунд гол орчмын авто замын заадсыг нөхөж байна.

Бид сүүлийн үед дэлхий нийтэд ашиглаж байгаа шинэ техник, технологийг авчирч авто замын заадсыг нөхөж байгаа юм" гэж мэдээллээ.

Авто замын заадсыг нөхсөнөөр нүхэн эвдрэл гарах нь багасдаг байна.

Энэ онд нийслэлийн Замын сангийн ₮50.6 тэрбумаар авто зам, замын байгууламжийн засвар, арчлалтыг гүйцэтгэх бол авто зам, замын байгууламж шинээр барих болон шинэчлэхэд ₮160.8 тэрбумыг зарцуулахаар баталжээ.

Сануулахад одоогоос таван жилийн өмнө буюу 2021 онд коронавирусийн халдварын хөл хорионы дэглэмтэй үед нийслэл хотын гол авто замуудын заадсыг нөхөхдөө цайны данхаар битум цутгасан явдал болж байв.