Ж.Золжаргал: Улаанбаатар хотын төсөв, мега төслийн хэрэгжилттэй холбоотой ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулна
УИХ-ын гишүүн Ж.Золжаргал Улаанбаатар хотын төсөв, мега төслийн хэрэгжилттэй холбоотой ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулах хүсэлтийг УИХ-ын даргад өгөх гэж буй талаар өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл өглөө.
Тэрбээр "УИХ-ын гишүүний үндсэн чиг үүргийн нэг бол хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, тэр дундаа төсвийн зарцуулалт дээр хяналт тавих. Хүмүүс төсөв аваад ажил хийж байвал сайн. Гэхдээ санаа зовоосон нэг зүйл байна.
Улаанбаатар хотод эргэлдэж буй нийт мөнгөн дүн улсын төсвийн гуравны нэгтэй тэнцэх болсон. Хэрэв ямар нэгэн шалтгаанаар амжилтгүй болох тохиолдолд зээлийн эргэн төлөлт, батлан даалт улсын төсөв дээр дарамт учруулна. Эдийн засгийн хямрал руу хөтөлж болзошгүй. Нийтийн өргөдлийн систем дээр нийслэлийн төсвийн зарлагад хяналт шалгалт хийхээр 13 мянган гарын үсэг зурсан байсан.
2024-2026 онд нийслэлийн төсөв жил бүр 30 хувиар өссөн байна. 2026 оны төсвийн тодотголоор нийт зардал нь 6.5 их наяд төгрөг хүрэхээр төлөвлөгдсөн. Мөн том төслүүдийн хөрөнгө оруулалтын дүнг нэгтгэвэл нийлбэр дүнгээр улсын төсвийн гуравны нэг болж байна.
Бид янз бүрийн мэдэгдэл хийж байгаа ч тодорхой үр дүнд хүргэсэн акц үйлдэл хэрэгтэй. Тиймээс УИХ-ын хяналт шалгалтын хуулийн 29.1-д заасны дагуу хууль тогтоомжийн хэрэгжилтийг үнэлж дүгнэх, хариуцсан байгууллага албан тушаалтны ажлыг шалгах чиг үүрэг бий. Энэ хүрээнд хяналтын ерөнхий сонсгол зохион байгуулна. Яригдаад буй маргааныг гаргаж тавиад дүгнэлт гаргая.
15 гишүүн гарын үсэг зураад ерөнхий хяналтын сонсголыг шууд хийдэг, чуулганаар хэлэлцэж санал хураахгүй. Одоогоор 20 гишүүн гарын үсэг зураад байна" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
