Эмээлтээс Шувуун фабрик хүртэлх болон Гурвалжингийн гүүрний доорх авто замыг барихад нийт ₮66 гаруй тэрбумыг зарцуулна

Д.Янжиндулам, ikon.mn
47 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн Замын сангийн хөрөнгөөр хоёр байршилд авто зам барих гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг зарлажээ.

Тодруулбал Баянгол дүүргийн 29 дүгээр хороо, Гурвалжингийн гүүрэн доогуур хоёр эгнээтэй, долоон метрийн өргөнтэй 600 метр урт авто зам барина. Энэхүү авто зам ашиглалтад баригдсанаар Гурвалжингийн гүүрний урд хэсэгт буцаж эргэх боломжтой болох бөгөөд энэ оны арваннэгдүгээр сард ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Одоогоор гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг зарласан бөгөөд тендерийн үйл явц үргэлжилж байгаа аж.

Дараагийн тендер зарласан буюу Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн гадна замаас Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Шувуун фабрик хүртэл хоёр эгнээ бүхий 7 метр өргөн зорчих хэсэгтэй, 12.55 км урт авто зам барина.

Авто замын хоёр талд явган хүний болон дугуйн зам, гэрэлтүүлэг, 27 байршилд борооны ус зайлуулах төмөр бетон хоолой суурилуулахаар зураг төсөлд тусгажээ. Тус замыг 2027 оны аравдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна. Энэхүү авто зам ашиглалтад орсноор баруун бүсээс хотын төв рүү чиглэх хөдөлгөөний урсгалыг шинэ чиглэлд хуваарилж, Сонсголон болон Яармаг чиглэлийн замын ачааллыг бууруулах ач холбогдолтой бөгөөд өнөөдрийн байдлаар замын трасст өртөж буй нэгж талбаруудыг чөлөөлөх бэлтгэл ажлыг хангаж байна.

Гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг зарласан бөгөөд шалгарсны дараа барилгын ажлыг эхлүүлнэ гэж Нийслэлийн Замын Хөгжлийн Газрын Авто замын хяналтын мэргэжилтэн Д.Тайван мэдээлэв.

Харин нийслэлийн 2026 оны төсөвт баталснаар Эмээлтээс Шувуун фабрик хүртэлх авто зам болон гүүрийг хоёр жилийн хугацаанд ₮64.9 тэрбум, Гурвалжингийн гүүрэн доорх авто замыг энэ онд ₮1.5 тэрбумаар буюу тус хоёр замыг барихад нийт ₮66.4 тэрбумыг зарцуулна.