Украины дронууд Оросын газрын тосны экспортын Туапсе боомтод дөрөв дэх удаагаа довтоллоо

Т.Давааням, ikon.mn
51 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Хар далайн эргийн газрын тосны экспортын боомт Туапсе дахин Украины нисгэгчгүй онгоцны довтолгоонд өртөж, их хэмжээний гал гарсныг орон нутгийн онцгой байдлын албаныхан Баасан гарагт мэдээлжээ.

Тус боомтод оршдог Роснефтийн газрын тос боловсруулах үйлдвэр өнгөрсөн хоёр долоо хоногийн хугацаанд гурван удаа халдлагад өртсөн юм.

Боомтын терминалд гарсан галыг унтраахаар 100 гаруй хүн дайчлагдсаныг Краснодар мужийн онцгой байдлын алба мэдээлжээ.

Гэхдээ зарим хараат бус эх сурвалжууд терминалд биш, газрын тосны үйлдвэрт гал гарсныг баталж байна.

Мөн Туапсе хотын хэмжээнд цахилгаан хангамж тасарсныг мэдээлжээ. Мягмар гарагт газрын тосны үйлдвэр гурав дахь удаагаа Украины дроны халдлагад өртөж, их хэмжээний гал гарсны улмаас ойролцоох барилгуудаас иргэдийг нүүлгэн шилжүүлж байв.

Тэр үеэс хойш Туапсе хотод зарласан онц байдал үргэлжилж байгаа. Өмнөх довтолгооноос үүссэн галыг унтрааснаа эрх баригчид Пүрэв гарагт зарлаж байсан юм.

Роснефтийн үйлдвэр хамгийн анх дөрөвдүгээр сарын 16-нд халдлагад өртсөнөөс хойш үйл ажиллагаагаа зогсоогоод байна.

Эхний халдлагаас үүссэн галыг унтраахад дөрвөн өдөр зарцуулж байжээ. Оросын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах Роспотребнадзор агентлаг агаарт бензолын түвшин өндөр байгаатай холбогдуулан хоёр дахь довтолгооны дараа Туапсе хотын оршин суугчдад гэрээсээ аль болох гарахгүй байх, гарвал амны хаалт зүүх, цонхоо хаах зөвлөмж гаргаж байв.

Бензол бол хорт хавдар үүсгэгч, маш хортой химийн бодис юм.

Туапсе хотын захиргаа Хөдөлмөрчдийн өдөр, Ялалтын баяр зэрэг тавдугаар сарын 1-нээс 11-ний хооронд болох бүх олон нийтийн арга хэмжээг цуцалсан байна.

Энэ долоо хоногийн эхээр бүс нутгийн захирагч Кондратьеваас мэдээлэл авсныхаа дараа ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин орон нутгийн ард иргэдэд “ямар ч аюул байхгүй, тулгарсан бэрхшээлүүдийг амжилттай даван туулж байна” гэж мэдэгдсэн юм.

ОХУ-ын батлан хамгаалах яам Пүрэв гарагийн оройгоос Баасан гарагийн өглөө хүртэл хугацаанд Украины 141 дроныг устгаснаа мэдээлжээ.

Тэдгээрийг Оросын найман бүс нутаг, эзлэгдсэн Крымийн хойг, Хар тэнгисийн дээр нисэж байхад нь устгасан гэнэ.

Украин улс сүүлийн хоёр сарын хугацаанд Оросын газрын тосны дэд бүтцүүдийг чиглэсэн довтолгоогоо эрчимжүүлсэн нь Ормузын хоолойг хаасантай холбоотой газрын тосны үнийн өсөлтөөс ашиг хүртэх Кремлийн эрх баригчдын зорилгод саад учруулах зорилготой юм.

Оросын эрх баригчид “дэлхийн эрчим хүчний хямралыг улам хурцатгаж байна” хэмээн Украины үйлдлийг буруушааж байна.

 

Эх сурвалж: AFP