Ирантай гэрээ байгуулах гэж яарахгүй байх чиглэлийг АНУ-ын ерөнхийлөгч Трамп элч нартаа өгсөн гэнэ

Т.Давааням, ikon.mn
20 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Өмнөх өдөр нь Ирантай байгуулах гэрээний ихэнх зүйл дээр тохиролцож чадсанаа зарлаж байсан АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр өөрийн элч нарт гэрээ байгуулах гэж яарахгүй байх чиглэл өгснөө мэдээлжээ.

Америкийн хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар гэрээний төсөлд гал зогсоох хугацааг 60 хоногоор сунгах, Ормузын хоолойг нээх, Ираны цөмийн хөтөлбөрийн яриа хэлэлцээг цаашид үргэлжлүүлэх зэрэг нөхцөлүүд багтсан гэнэ.

Сошиал хуудсандаа Трамп “бүтээлч” яриа хэлэлцээ үргэлжилж байгаа ч “талууд цаг зав гаргаж, зөв хийх ёстой” гэж бичсэн байна.

Ираны хэвлэлүүдийн мэдээлж байгаагаас үзвэл талууд “нэгээс хоёр” зүйл дээр санал зөрөлдсөн хэвээр байгаа бололтой.

Амралтын өдрүүдэд Ираны албаныхан бас яриа хэлэлцээнд ахиц дэвшил гарсныг баталсан ч гол асуудлууд дээр ойлголцолд хараахан хүрээгүй байгааг анхааруулсан.

Хөшигний ард үргэлжилж буй уг хэлэлцээ Бүгд Найрамдах намынхныг хагаралдуулаад байна.

Тухайлбал Ираны талд хэтэрхий зөөлөн хандаж буй Трампын засаг захиргааг шүүмжилсэн сенатор Тэд Круз гэрээг “гамшигт алдаа” гэж нэрлэсэн юм.

Сенатын зэвсэгт хүчний байнгын хорооны дарга Рожер Викер 60 хоногийн хугацаатай гал зогсоох тохиролцоог “Operation Epic Fury” ажиллагаагаар хэрэгжсэн бүхнийг дэмий хоосон зүйл болгон хувиргаж байгааг шүүмжилжээ.

Харин Конгрессын төлөөлөгчдийн танхимын гадаад бодлогын байнгын хорооны гишүүн Майк Лоулер “харгис дэглэмийн үлдэгдлийг яриа хэлэлцээнд албадаж чадсан“ гэж Трампын засаг захиргааг магтсан байна.

Ням гарагт Трамп “яриа хэлэлцээ зохион байгуулалт сайтай, бүтээлч байдлаар явагдаж байгаа бөгөөд би төлөөлөгчдөдөө цаг хугацаа бидний талд байгаа тул яарах хэрэггүй гэж захисан” гэж сошиал хуудсаараа мэдэгджээ.

 

Эх сурвалж: BBC