Ч.Ууганбаяр: Хоол ундаа газар хийх нь бага насны хүүхэд түлэгдэх шалтгаан болж байна
Баяр наадмын амралттай холбогдуулан Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв (ГССҮТ)-өөс сэрэмжлүүлэг мэдээлэл өглөө.
Хүүхдийн түлэгдэлтийн эрсдэлийг ГССҮТ-ийн Түлэнхийн нөхөн сэргээх мэс заслын тасгийн их эмч Ч.Ууганбаяр анхааруулж байна.
Тэрбээр "Зургаадугаар сараас эхлээд наймдугаар сар хүртэл хүүхэд түлэгдсэн дуудлага нэмэгддэг.
Түүнчлэн хорхог боодог хийх, гал түлэхдээ бензин ашиглаж улмаар гэр шатах осол бүртгэгдэж байна.
2025 оны байдлаар ГССҮТ-ийн Яаралтай тусламжийн тасгаар 6,000 гаруй хүн үйлчлүүлсэн. Эдгээр иргэний 60 хувь нь хүүхэд, түүн дотроо дийлэнх хувьд 1-2 насны хүүхдүүд хүнд зэргийн түлэгдэлтээр иржээ.
Түлэгдэлтийг
- халууны үйлчлэлээр
- химийн үйлчлэлээр
- цахилгаан туяаны шалтгаанаар гэж хувааж үздэг.
Манайд халууны үйлчлэлээр түлэгдэх тохиолдол хамгийн их бүртгэгдэж байна. Энэ тохиолдолд хувцасаа тайлж, хүйтэн усыг түлэгдсэн хэсэгт урсгаж хөргөвөл түлэгдэлтийн гүн багасдаг.
Анхны тусламжийн хамгийн гол алхам бол хөргөх. Сүүлийн үед эцэг эхчүүд харьцангуй мэдээлэл сайтай болсон. Өмнө нь нохойн цус, сахар, саван, тос түрхдэг байсан бол одоо өөр болсон.
Гэхдээ бүх бие нь түлэгдсэн тохиолдолд их хэмжээний хүйтэн ус ашиглаж болохгүй. Ингэвэл хүүхэд даарч улмаар хүндрүүлэх эрсдэлтэй. Харин жижиг хэсэгт түлсэн тохиолдолд урсгал усанд 15 минут барих юм бол халууны үйлчлэлийн түлэгдэлтийн зэрэг багасаж хурдан эдгэж өвчлөл намддаг" гэлээ.
Үргэлжлүүлэн "Түлэгдсэн хүүхдэд авах дараагийн арга хэмжээ бол өвчин намдаах эм.
Халуун бууруулахтай адилхан тунгаар өвчин намдаах эмийг хүүхдэдээ өгнө гэсэн үг. Ингээд 103 утсанд холбогдож анхны тусламж аваад ямар нэгэн бохир юм хүргэхгүйгээр заавал эмчид очиж үзүүлэх хэрэгтэй.
Түлэгдэлтийг гэртээ эмчлээд хүндрүүлсэн тохиолдол хөдөө орон нутагт нэлээд гарч байгаа.
Хүнд, хөнгөн түлэгдсэн эсэх хагалгаанд орох уу, үгүй юу гэдгээ эмчид үзүүлж, түлэгдэлтийн зэргээ ялгах нь чухал" гэдгийг зөвлөлөө.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
