Энэ онд усны ослоор 18 том хүн, 12 хүүхэд энджээ

П.Сайнжаргал, IKON.MN
15 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Усны ослоос урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлгийг Онцгой Байдлын Ерөнхий Газар (ОБЕГ)-аас хүргэлээ. 

Сүүлийн таван жилийн хугацаанд усны ослоор 464 хүн амь насаа алдсан. Нийслэл болон Хөвсгөл, Сэлэнгэ, Дорнод аймагт усны осол хамгийн өндөр үзүүлэлттэй байна.

2026 он гарсаар усны ослын 54 тохиолдол бүртгэгдсэнээс 30 хүн амь насаа алдсан. Амь насаа алдсан иргэдийн 18 нь том хүн, 12 нь хүүхэд байсныг ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа А.Дашням хэллээ. 

Тэрбээр "Улсын хэмжээнд усны осол ихээр гардаг 399 хар цэг тэмдэглэгдсэн байдаг. Энэ хүрээнд хөдөлгөөнт эргүүл болон завьт эргүүлүүд зургаадугаар сарын 15-ны өдрөөс эхлэн 46 чиглэлд гарч байна. 

Хэдийгээр мэргэжлийн байгууллагаас сэрэмжлүүлэг өгч байгаа боловч иргэд маань эдгээр сэрэмжлүүлгийг анхаарахгүй, анхаарал болгоомжгүй байдлаас үүдэн харамсалтай осол бүртгэгдэж буй.

Наадмын өдрүүдэд хур бороо ихээр орох, халалтын улмаас нөөлөг салхи үүсэх, хүчтэй аадар бороо орох прогнозыг мэргэжлийн байгууллагууд өгч байгаа. Үүнд иргэд онцгой анхаарахыг зөвлөе" хэмээв.