"Баяр наадмын үеэр хөхүүл ээжүүдэд зориулсан асар, бага насны хүүхэд төөрсөн үед холбогдох утасны дугаартай бугуйвч зэргийг бэлдсэн"
Хүүхэд, Гэр Бүлийн Хөгжил, Хамгааллын Ерөнхий Газар (ХГБХХЕГ)-аас "За бол заавал хийгээрэй" хөдөлгөөний хүрээнд Улсын их баяр наадмын үеэр хүүхдийн эрхийг хангах хамгаалах чиглэлээр зөвлөмж өгч байна.
Баяр наадмын үеэр ямар арга хэмжээ авах талаар ХГБХХЕГ-ын Хүүхэд, гэр бүлийн хамгааллын бодлогын хэрэгжилтийн газрын дарга Л.Бадамцэцэг "Үндэсний их баяр наадам бол гэр бүлийн баяр. Бүх насны хүүхдүүдээ аваад цэнгэлдэх хүрээлэн, хурдан морины уралдаан, олон нийтийн арга хэмжээнд очдог.
Тиймээс энэ жил бүх аймгийн наадам, улсын баяр наадмын цэнгэлдэхээр хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээ ажиллаж байгаа. Төөрч будлисан янз бүрийн хүүхэд олдвол хүү хамгааллын байрандаа авчраад эцэг эхэд нь хүлээлгэж өгнө.
Үүнээс гадна хүүхэд хамгааллын бугуйвч зүүлгэж байгаа. Ялангуяа таваас доош насны хүүхдүүд эцэг эхийнхээ утасны дугаар, нэрийг сайн тогтоогоогүй байдаг. Бугуйвч дээр асран хамгаалагчийнх нь нэр, утасны дугаарыг нь бичих юм.
Ингэснээр төөрсөн, ганцаараа явж байгаа хүүхдийг бугуйвч дээрх холбогдох дугаараар нь холбогдоод асран хамгаалагчид нь өгөх боломжтой. Зөвхөн цэнгэлдэхэд төдийгүй Хүй долоон худаг, аймгуудын наадмаар яг нэг ижил стандарттай бугуйвч байх юм. Мөн хүүхэд хөхүүлэх асар бэлдсэн байгаа" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

