ФОТО: "Монгол дархны өдөр" болон "Дэлхийн адууны өдөр"-ийн хүрээнд “Монгол дархан-Адууны соёл” үзэсгэлэн нээлтээ хийв
Монгол дархны урлаг нь эртний Монголчуудын төмөрлөг олборлож, ахуй амьдралдаа хэрэглэж эхэлснээс хойш өнөөг хүртэл тасралтгүй хөгжиж ирсэн, өөрийн онцлог, ялгаатай хэв шинж бүхий бие даасан урлагийн төрөл юм.
Монгол Улсын Засгийн газрын 2026 оны зургаадугаар сарын 24-ний өдрийн тогтоолоор жил бүрийн долоодугаар сарын 8-ний өдрийг "Монгол дархны өдөр" болгосон билээ. Мөн “Дэлхийн адууны өдөр"-ийг энэ жил анх удаа тэмдэглэх гэж буй. Энэ хүрээнд Чингис хаан Үндэсний музейд өнөөдөр /2026.07.08/ “Монгол дархан-Адууны соёл” тусгай үзэсгэлэн нээлтээ хийв. Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ж.Алдаржавхлан Монгол дархны өдрийг баталсан Засгийн газрын тогтоолыг Дархчуудын холбооны тэргүүн С.Батзоригт гардуулан өглөө.
"Дэлхийн адууны өдөр” болон “Монгол дархны өдөр”-ийг анх удаагаа тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд нээлтээ хийсэн тус үзэсгэлэнд 101 дархан, уран бүтээлчид 204 сор бүтээлээр оролцож байгаа бөгөөд долоодугаар сарын 6-9-ний өдрүүдэд олон нийтэд үнэ төлбөргүй үйлчлэх юм.
Тус үзэсгэлэнд оролцож буй “HASUI Mongolia” брэндийг үүсгэн байгуулагч, уран дархан Б.Баярбаатарыг онцолж байна. Тэрбээр 20 гаруй жил уран дархнаар ажиллаж байгаа бөгөөд нийслэлийн Хангарди ордны бэлэг тэмдэг болох зэс хөөмлөөс эхлээд Чингисийн музей, Төрийн ордонд ч түүний бүтээлүүд бий.
Өв соёл, уламжлалаа түгээн дэлгэрүүлэх зорилготой “HASUI Mongolia” брэнд нь өнөөдөр буюу "Монгол дархны өдөр"-өөр нээлтээ хийж байгаа нь бас нэгэн онцлог ажээ.
Хаан бэрс хэмээн ирвэсийн толгой хүзүүтэй, барсын биетэй, сүүлээрээ биеэ ороосон, баруун, зүүн хаан дээрээ далавчтай нисдэг жигүүрт хүчирхэг амьтны дүрс бүхий бэлгэдлийг Хүннүгийн үеэс адууны тоног хэрэгсэлд дүрсэлдэг байжээ. Хаан бэрс хэмээн хурд, хүчний бэлгэдэл болсон хүчтэнээр логогоо дүрсэлсэн “HASUI Mongolia” брэнд нь дээлийн бүс, товч, эрэгтэйчүүдэд тусгайлан зориулсан хослолын товч, зангианы хавчаар зэргийг урладаг байна.
Өөрийн урласан бүсийг охинтойгоо ижилсүүлэн зүүсэн уран дархан Б.Баярбаатар "Хүрэл нь хамгийн удаан хадгалагддаг материал учраас энэ металлыг сонгож, бүтээлээ урладаг. Мөн бид түүхийн олдвороос сэдэвлэж, судалгаан дээр үндэслэн бүтээгдэхүүнийхээ загварыг гаргаж, хүрэл, алтан шармал аргаар үйлдвэрлэж байна. “Hasui” брэндийнхээ дээжийг Монгол Улсын Ерөнхийлөгчид бэлэглэхээр бэлтгэж ирсэн" хэмээн ярьсан юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!








