Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайд байрлах шарилуудыг ирэх сараас нүүлгэн шилжүүлнэ
Тус оршуулгын газар нь 1930-аад оны үед байгуулагдаж, 1987 онд хаагдсан хэдий ч иргэд 2000-аад оны эхэн үеийг хүртэл бурхан болоочдоо нутаглуулсаар ирсэн ба нийт 73,9 га талбайтай байна.
Самбалхүндэвийн буюу нийслэлийн иргэдийн нэрлэж заншсанаар 70 давхрын оршуулгын газрыг үе шаттайгаар чөлөөлж, “Хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэн” байгуулах ажлын эхний шатны төсөл 10 га талбайд 2022-2023 онд амжилттай хэрэгжсэн байдаг.
- УИХ-ын 2013 оны 23-р тогтоолоор баталсан “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичиг”
- НИТХ-аас баталсан “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг хангах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх ажлын хүрээнд,
НИТХ-ын 2024 оны “Нийслэлийн нутаг дэвсгэрт оршуулгын үйл ажиллагаа зохион байгуулах журам” батлах тухай 8 дугаар тогтоолын дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас тухайн ажлыг зохион байгуулж байгаа ба Самбалхүндэв буюу “Далан давхар” оршуулгын тусгайлан тогтоосон 8.5 га газарт оршуулсан шарилуудыг 2026 оны 08 дугаар сарын 06-ны өдрөөс нүүлгэн шилжүүлэх болсон байна.
Шарилыг нүүлгэн шилжүүлэхэд ар гэрийн санал, хүсэлтийг харгалзах ба мэдэгдэлд заасан хугацаанд ар гэр нь холбоо тогтоогоогүй тохиолдолд холбогдох зан үйлийг гүйцэтгэн чандарлаж, чандрыг Самбалхүндэв (70 давхар)-ийн оршуулгын газарт байрлах “Хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэн”-ийн суваргад залах юм.
Дэлгэрэнгүй мэдээллийг 72100101 дугаараас лавлана уу.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
