Нийслэлийн нутаг дэвсгэр дэх нийтийн эдэлбэр газруудын мэдээлэл нээлттэй болов
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2019-2026 оны хооронд “Нийтийн эдэлбэр газрын байршил, хэмжээг тогтоох тухай” 13 удаагийн тогтоолоор батлагдсан нийт 403 байршил дахь нийт 371.2 га талбай бүхий нийтийн эдэлбэр газрын мэдээллийг Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системд нээлттэй байршуулжээ.
Цахим системд эдгээр нийтийн эдэлбэр газруудын мэдээллийг устгах, өөрчлөлт оруулахаас сэргийлж тусгай эрх, давхаргыг үүсгэсэн байна.
Ингэснээр иргэд egazar.gov.mn цахим хуудсаар дамжуулан нийслэл дэх нийтийн эдэлбэр газрын байршлын мэдээллийг нээлттэй авах, мөн нийтийн эдэлбэр газарт давхардуулан газар олгох, хууль бус барилга байгууламж баригдах болон нийтийн эдэлбэр газрыг зориулалтын бусаар ашиглахаас хамгаалах нөхцөл бүрдлээ гэж Нийслэлийн Газрын Зохион Байгуулалтын Албанаас мэдээлэв.
Сануулахад нийслэлийн нутаг дэвсгэрт энэ онд 2,843 иргэний 156.42 га газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлэх юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

