Хятадын зохион бүтээсэн робот Усаин Болтын тогтоосон 100 метрийн зайн дээд амжилтыг эвдэв
Lightning нэртэй хүн дүрст робот 100 метрийн зайг 9.32 секундэд туулснаар хүний тогтоосон дээд амжилтыг эвдсэн тухай Хятадын төв хэвлэл мэдээлжээ.
Хоёр дахь удаагаа зохион байгуулагдаж буй Дэлхийн Хүн Дүрст Роботын Спортын Наадам өчигдөр буюу Бямба гарагт Бээжин хотод эхэлсэн бөгөөд энэ үеэр Хятадын гар утас үйлдвэрлэгч Honor компанийн зохион бүтээсэн робот ийм амжилт тогтоосон юм байна.
17 жилийн өмнө Берлин хотод болсон хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр 100 метрийн зайн дээд амжилтыг Ямайкийн домогт тамирчин Усаин Болт 9.58 секундээр тогтоосон байдаг.
Lightning робот дөрөвдүгээр сард Бээжин хотод зохион байгуулагдсан хагас марафонд 50 минут, 26 секундэд замаа дуусгаж, эрэгтэйчүүдийн дэлхийн дээд амжилтыг эвдэж байжээ.
Тухайн үед уг роботын өндөр 169 см, хөл 95 см урт байсан бол энэ удаа зохион бүтээгчид хөлийг нь 10 см-ээр уртасгасан байна.
Энэ жилийн наадамд 2,000 гаруй робот таван өдрийн турш спортын олон төрлөөр хоорондоо өрсөлдөх юм.
Тухайлбал гүйлт, ширээний теннис, хөл бөмбөг зэрэг 51 төрлөөр 1,000 гаруй тэмцээн зохион байгуулагдах юм байна.
Уг наадам 2022 оны өвлийн олимпын наадмын тэшүүрийн тэмцээн зохион байгуулагдаж байсан спортын ордонд эхэлжээ.
Хятадын технологийн хөгжил дэвшлийг дэлхий дахинд харуулах зорилготой уг арга хэмжээ Бээжин-Вашингтоны робот, хиймэл оюуны салбарын өрсөлдөөн ширүүссэн цаг үетэй давхцаж байна.
Өнгөрсөн сард Трампын засаг захиргаа гадаадаас шинэ хүн дүрст робот импортлохыг хориглох шийдвэр гаргасан.
Саяхан Пентагон бас Хятадын тэргүүлэх робот үйлдвэрлэгч Unitree компанийг тус улсын батлан хамгаалах салбартай холбоотой гэсэн үндэслэлээр хар жагсаалтдаа нэмсэн юм.
Өнгөрсөн оны наадмаар байрнаасаа өндөрт үсрэх тэмцээнд робот 0.95 метрийн амжилт гаргаж байсан бол энэ жил 2.88 метр болгон ахиулж, 1993 онд Кубын тамирчин Хавьер Сотомайорын тогтоосон 2.45 метрийн дээд амжилтыг эвджээ.
Уг роботыг Бээжинд төвтэй X-Humanoid компани зохион бүтээсэн юм.
Мэргэжилтнүүд хүн дүрст роботууд одоогоор туршилтын шатандаа байгаа ч ур чадвар нь маш хурдтай сайжирч буй тул удахгүй өргөн хэрэглээнд нэвтэрнэ гэж үзэж байна.
Энэ жилийн наадамд дэлхийн 16 улсын төлөөлөл оролцож байгаагийн дотор Герман, Япон, АНУ-ын компаниуд байгааг зохион байгуулагчид нь мэдээлжээ.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

