Фүжи ууланд авирах замд долоон настай хүүгээ ганцаар нь үлдээсэн эрэгтэйд Японы цагдаа нар сануулга өгчээ
Японы хамгийн өндөр ууланд авирч байсан эр авиралтаа цааш үргэлжлүүлэхийн тулд долоон настай хүүгээ замын дунд ундаа, хөнгөн зууштай үлдээсэн хэрэг гарчээ.
Манан татаж, бороо орсон өдөр далайн түвшнээс дээш 2,000 гаруй метрийн өндөрт вандан сандал дээр ганцаар сууж байсан хүүхдийг уулын хяналтын ажилтнууд анх олоод цагдаад мэдээлсэн юм байна.
48 настай аав нь ядарсан хүүгээ энд үлдээгээд том хүүгийн хамт цааш авирсан байжээ.
Хүүг уулын оргилд хүрэх замын зургаа дахь зогсоолын ойролцоогоос олсон бол аавыг нь долоогоос наймдугаар зогсоолын хооронд авирч байхад цагдаа нар илрүүлсэн байна.
Энэ хооронд авирахад гурван цагийн хугацаа зарцуулдаг.
Ажилтнууд аавыг нь буцаж ирэх хүртэл хүүг халамжилсан байна. Энэ хооронд хүү нийтдээ найман цаг орчим хугацаанд аавыгаа хүлээжээ.
“Хэдийгээр хамтдаа оргилд гарах боломжгүй болсон ч хүүхдээ орхисон нь яавч хүлээн зөвшөөрөх аргагүй үйлдэл” гэж цагдаагийн төлөөлөгч хэвлэлд ярьсан байна.
Хүүхдээ орхисон аав цагдаа нараас сануулга авч, уучлал гуйсан гэнэ.
Далайн түвшнээс дээш 3,776 метрийн өндөрт оршдог Фүжи ууланд сүүлийн жилүүдэд янз бүрийн хэрэг зөрчил, осол их гардаг болсон.
Долдугаар сард 99 настай эмэгтэй авирч байхдаа унаж нуруугаа гэмтээснийг аварч байжээ.
Өнгөрсөн онд 27 настай оюутан авиралтыг хориглосон үед дөрөв хоногийн дотор хоёр удаа авираад аврагдсан юм. Тэрбээр эхний авиралтынхаа дараа гээсэн гар утсаа олох гэж дахин авирч байгаад баригдаж байв.
Токио хотоос баруун өмнө зүгт оршдог Фүжи уул нь бас идэвхтэй галт уулд тооцогддог бөгөөд 2013 онд дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдэж байв.
Уг уулыг Тате, Хакү уулуудын хамт япончууд үндэсний “ариун уулс” гэж өргөмжилдөг. Жил бүр Фүжид 200,000 орчим хүн авирдаг бөгөөд эрх баригчид хүмүүсийн ачааллыг бууруулахын тулд зарим хэсэгт хязгаар тогтоодог болсон байна.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

