Зураг
Зураг

Эрхүү мужид тахлын хоёр дахь тохиолдол бүртгэгдсэн гэх мэдээллийг Оросын эрх баригчид няцаав

Т.Давааням, ikon.mn
0 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын Эрхүү мужийн Шелехов хотод байрладаг тахал судлалын хүрээлэнгийн ажилтан 28 настай эмэгтэй нас барж, түүнтэй хавьталд орсон 200 орчим хүнийг эмнэлгийн хяналтад авсан талаар орон нутгийн хэвлэлүүд анх мэдээлсэн билээ.

Тэгвэл өчигдөр тус хүрээлэнгийн өөр нэг ажилтан өвчилсөн байж магадгүй тухай мэдээ хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр тараад байна.

АНУ, Европын Холбоо болон Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) үүссэн нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхийг Оросын талд уриалж байгаа.

Лхагва гарагт ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус “шалтгаан тодорхойгүй уушгины хатгалгаагаар өвчилсөн хоёр дахь ажилтны тухай хэвлэлээр тарсан мэдээлэл”-ийг тодруулахыг Оросын эрх баригчдад уриалжээ.

Оросын тал өмнө нь тахал дэгдсэн гэх мэдээллийг үгүйсгэж, тухайн эмэгтэйг уушгины хатгалгаагаар нас барсан, өвчин тархах эрсдэл байхгүй гэж мэдэгдэж байв.

Хоёр дахь тохиолдлын талаар сэтгүүлчид Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковоос асуухад “үүссэн нөхцөл байдлын талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч буй зүйлсийн ихэнх нь худал” гэж хариулжээ.

Хүмүүс зөвхөн Оросын эрүүл мэндийн хяналтын байгууллага Роспотребнадзорын албан ёсны мэдэгдэлд найдах ёстойг тэр анхааруулсан байна.

Роспотребнадзор өчигдөр гаргасан мэдэгдэлдээ “Хүн амын дунд халдварт өвчин дэгдэх эрсдэл байхгүй. Лаборатори эмгэг төрүүлэгч бичил биеттэй ажиллахдаа зохих дүрэм журмыг мөрдсөн байна. Холбоо тогтоосон хүмүүсийн 90 гаруй хувь нь эмнэлгийн хяналтад хамрагдаж дууссан” хэмээн тайлбарлажээ.

Энэ долоо хоногийн эхээр АНУ-ын засаг захиргаа лабораторийн ажилтны үхлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхийг Оросын талд уриалж, ерөнхийлөгч Дональд Трамп энэ асуудлаар ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярихаар төлөвлөснөө мэдэгдэж байв.

Өчигдөр энэ талаар Дмитрий Песковоос асуухад АНУ-ын талаас албан ёсны хүсэлт ирсэн талаар, бас хоёр ерөнхийлөгч утсаар ярилцах болсон талаар ямар нэг мэдээлэлгүй байгаагаа хэлсэн байна.

Лхагва гарагт Европын Комиссын хэвлэлийн төлөөлөгч Эва Хрнчирова тахлын тохиолдлын талаар мэдээллээ “цаг алдалгүй, ил тод хуваалцах”-ыг Оросын талд уриалжээ.

Мягмар гарагт ДЭМБ одоо байгаа мэдээлэлдээ үндэслэсэн үнэлгээгээр Эрхүү мужид тахал тарах эрсдэл дунджаас бага, ОХУ даяар бага байгааг мэдэгдэж байв.

Мягмар гарагт бас Москва дахь АНУ-ын элчин сайдын яам өөрийн иргэдэд Оросоос гарч явахыг зөвлөсөн нь анхаарал татаж байна.

 

Эх сурвалж: AFP