Испаничуудыг орон сууцны хямралын асуудлаар тэмцэлд босоход хүргэсэн 87 настай эмэгтэй нас баржээ
Өнгөрсөн сард Испанид орон сууцны хямралын асуудлаар томоохон эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж, улмаар ээлжит бус сонгууль зарлахад хүргэсэн дуулиант үйл явдлын гол дүр болох 87 настай эмэгтэй Марикармен Абаскал таалал төгссөн тухай Мадрид хотын түрээслэгчдийн холбооноос Лхагва гарагт мэдээллээ.
Энэхүү мэдээ нь нийслэлийн гудамжинд тэмцэж буй хүмүүсийг уй гашууд автуулж, тэдний уур бухимдлыг улам дэвэргэсэн байна.
Абаскал 70 гаруй жил амьдарсан гэрээсээ есдүгээр сарын 23-ны өдөр цагдаа, нийгмийн ажилтнуудын оролцоотой албадан нүүлгэгдсэн цагаасаа хойш эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байжээ. Түүний амьдардаг орон сууцыг үл хөдлөх хөрөнгийн компани худалдаж авсны дараа түрээсийн төлбөрөө огцом өсгөсөн нь ийм байдалд хүргэсэн юм.
Тэр явдлын дараа Мадрид хотын төв талбайд идэвхтнүүд майхантай суулт зарлаж, орон сууцны хомсдол, түрээсийн үнийн огцом өсөлт зэрэг хурцадмал асуудлуудыг шийдвэрлэхийг эрх баригчдаас шаардах болсон.
Абаскал нас барсан тухай мэдээ тарсны дараа "Пуэрта дел Соль" талбайгаас парламентын ордон руу олон мянган хүн жагсаж, "Энэ бол үхэл биш, энэ бол аллага!" хэмээн уухайлан хашхирч байв. Түүний нас барсан шалтгааныг одоогоор зарлаагүй байна.
Лхагва гарагт үйлдвэрчний эвлэлүүд орон сууцны асуудлаар арваннэгдүгээр сарын 11-ний өдөр улс орон даяар бүх нийтийн ажил хаялт зарлахаа мэдэгджээ.
Ерөнхий сайд Педро Санчес өнгөрсөн долоо хоногт албадан нүүлгэлтийг зогсоох, түрээсийн үнийн дарамтыг хязгаарлах тухай хуулийн төслийг парламентад өргөн барьсан ч хүлээж аваагүй тул арваннэгдүгээр сарын 29-нд ээлжит бус сонгууль зарлахад хүрсэн юм.
"Түүнийг таалал төгссөний дараа бидэнд түүний тэмцлийн үлгэр жишээ өвлөгдөн үлдэж байна. Юуны түрүүнд бид түүний биднээс үргэлж хүсдэг байсан зүйлийг хүндэтгэн сахих болно. Энэ бол ’Тэмц, өөрийнхөө төлөө тэмцсээр бай’ гэсэн уриа юм" гэж Мадридын түрээслэгчдийн холбооноос гаргасан мэдэгдэлд дурджээ.
Санчес олон нийтийн сүлжээгээр дамжуулан Абаскалын үхэлд эмгэнэл илэрхийлсэн байна.
"Өнөөдрийн энэ гарзыг өөрийнх мэтээр мэдэрч буй бүгдэд тэврэлт илгээж байна” гэж тэр сошиал хуудсандаа бичжээ.
Испани улсын нутаг дэвсгэрийн бодлогын асуудал эрхэлсэн сайд Анхель Виктор Торрес мэдэгдэлдээ Абаскалыг “өөрийн гэсэн орон сууцтай болох, эсвэл одоогийн орон сууцандаа үлдэхийн төлөө тэмцэж буй олон гэр бүлд тохиолдож буй нөхцөл байдлын бэлгэ тэмдэг болсон хүн” гэж үнэлсэн байна.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
