Улаанбаатар парк нийслэлийн мэдэлд шилжлээ
2024 оны зун Улаанбаатар хотод нэгэн онцгой үйл явдал тохиож, цахим хуудсаар ч энэ тухай мэдээ тасралтгүй хөвөрч байлаа. Нийслэл хотын төв хэсэгт Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэн нээлтээ хийж, харсан бүхний нүд, сэтгэл баясаж байв. Учир нь манай хотод өнгө үзэмжгүй, өндөр нам, өөр хоорондоо нийлэх нь холгүй барилгууд л нэмэгддэгээс олон нийтэд зориулсан ногоон байгууламж нээлтээ хийх нь тун ховорхон. Ийнхүү шинэ парк бий болсон нь бүгчим өрөөнд цонх нээж, цэвэр агаар сэлгэхтэй л адил байв.
Нийтдээ 10.2 га газарт Монголын анхны стандартад нийцсэн скейтбордын талбай, 822 хүний суудалтай задгай театр, хүүхдийн тоглоомын талбай, био цөөрөм, цогц ариун цэврийн байгууламж, 40,000 төрлийн мод, бут гээд олон сайхан зүйлс нэг дор цогцлон бүрэлдсэн байлаа.
Энэхүү паркийг Рио Тинто Монгол компани санаачлан бүтээн байгуулж, тохижилт үйлчилгээ үзүүлэн, улирал бүр өнгөөр алагласаар өдгөө гурван жилтэй золгожээ. Энэ хугацаанд тус цэцэрлэгт хүрээлэн хотын ногоон байгууламж гэх статусаас хальж, нийслэлчүүдийн амьдралын хэв маяг, олон өөр соёл огтлолцдог төв болон өргөжсөн билээ.
Энд өглөөний нартай уралдан гүйх залуус, ажлын стрессээ тайлан салхилах иргэд, зорьж ирэн хүүхдээ агаарлуулах аав ээжүүд, тоглож наадах багачуудын хөгжөөнт инээд тасрахгүй. Скэйтбордын талбайд залуус сонирхлоороо нэгдэж, үдэш болоход хосууд хөтлөлцөн алхаж, задгай театрт урлаг соёлын арга хэмжээнүүд өрнөх нь парк маань хэчнээн дулаан, амьд орон зай болохыг мэдрүүлнэ.
Анх ашиглалтад орсон цагаас хойш өнөөдрийг хүртэл Рио Тинто компани тус паркийн бүх тохижилт, цэвэрлэгээ, үйлчилгээг бүрэн хариуцаж, иргэдийг амарч саатах тав тухтай орчноор тасралтгүй хангаж ирсэн билээ.
Энэ хугацаанд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Улаанбаатарын үдэш” тоглолт, хүүхдийн баярт зориулсан нэгдсэн арга хэмжээнүүд нийслэлчүүдийн хүлээн цугладаг соёлын өдрүүд болсон юм. Мөн “100 жилийн парк” концепцийг идэвхтэй түгээн сурталчилснаар, нийтийн өмчийг хайрлан хамгаалах соёлыг иргэдийн дунд төлөвшүүлж чаджээ.
Харин одоо Рио Тинто Монгол компанийн зүгээс паркийн цаашдын менежментийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт албан ёсоор хүлээлгэн өгч байгаа юм. Энэхүү шилжилт нь хувийн хэвшил ба нийслэлийн хамтын ажиллагааны амжилттай жишиг загвар болж, цаашид олон нийтийн ногоон байгууламжийг хот өөрөө тогтвортой авч явах шинэ хуудсыг нээж байна.
Үүнтэй холбогдуулан паркийн гурав дахь жилийн ойн баяр болон менежмент хүлээлцэх түүхэн үйл явдалд зориулсан “Улаанбаатарын үдэш” арга хэмжээ 2026 оны 10-р сарын 6-ны өдөр Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн задгай театрт зохион байгуулагдах гэж байна. Хүн бүрд нээлттэй, үнэ төлбөргүй энэхүү концертод Соёл-Эрдэнэ хамтлаг, Яруу найрагч Начин, Fantasia оркестр болон бусад уран бүтээлчид оролцож, паркийн шинэ хуудсыг нийслэлчүүдтэйгээ угтах юм.
Та бүхэн хүрэлцэн ирж, сэтгэлд хоногших нэгэн үдшийг парктаа дуу хуур, уянга эгшигтэй хамтдаа халуун дулаан өнгөрүүлээрэй.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
