Украины агаарын довтолгоонд 10 хүний амь үрэгдэж, онлайн худалдааны Ozon компанийн агуулах анх удаа өртөв

Т.Давааням, ikon.mn
42 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Бямба гарагт Украины нисгэгчгүй онгоцнууд Оросын хэд хэдэн бүс нутаг довтлох үеэр онлайн худалдааны Ozon компанийн агуулах шатаж, нийт 10 хүний амь үрэгджээ.

Өмнөх өдөр нь буюу Баасан гарагт Оросын нисгэгчгүй онгоцнууд Украины төв бүсийн худалдааны төвд довтлох үеэр 16 хүн алагдаж, 130 гаруй хүн шархадсан юм.

Новокуйбышевск хотын аж үйлдвэрийн байгууламж Украины цохилтод өртөж, нэг өндөр настан амь үрэгдсэнийг Самара мужийн захирагч Вячеслав Федорищев сошиал хуудсаараа мэдээлжээ.

Украины тал тус хотод оршдог газрын тос боловсруулах үйлдвэрийг онилсноо баталсан байна.

Самара мужийн Чапаевск хотод оршдог ложистикийн төв нь мөн цохилтод өртөж, үйл ажиллагаагаа зогсоосныг Оросын хоёр дахь том онлайн худалдааны компани Ozon мэдээлжээ.

Өнгөрсөн сар гаруй хугацаанд Украины тал энэ салбарын хамгийн том тоглогч Wildberries компанийн агуулахуудыг байгаа болгож байсан бол түүний өрсөлдөгч Ozon-ий байгууламжийг анх удаа онилсон нь энэ юм.

Краснодар мужид гурван хүн, Белгород мужид хоёр хүн, Брянск мужид дөрвөн хүн тус тус Украины агаарын цохилтын үеэр амиа алдсаныг орон нутгийн эрх баригчид өчигдөр мэдээлжээ.

Бямба гарагт бас Оросын хяналтад байгаа эзлэгдсэн бүс нутгуудад Украины агаарын цохилтын улмаас хүмүүсийн амь үрэгдэж, шархадсан байна.

Тухайлбал 2014 онд эзлэгдсэн Крымийн хойгт хоёр хүн алагдаж, 10 хүн шархадсаныг Севастополь хотын дарга Михайл Развозжаев мэдээлсэн бол ихэнх хэсэг нь Оросын хяналтад байгаа Луганск мужид хоёр хүн алагдаж, есөн хүн шархадсаныг тус мужийн захирагч Леонид Пасечник мэдээлжээ.

Баасан гарагаас Бямба гарагт шилжих шөнө Украины 457 нисгэгчгүй онгоцыг нутаг дэвсгэр дээрээ унагаасныг ОХУ-ын батлан хамгаалах яам мэдээлсэн байна.

 

Эх сурвалж: Reuters