Японы ерөнхий сайд албан ёсны оршин суудаг өргөөндөө хэзээ ч сүнс харж байгаагүйг баталжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
0 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Японы ерөнхий сайд Санае Такаичи сүүлийн үед ажлын байрнаасаа гадуур, оршин суудаг өргөөндөө ихэнх цагийг өнгөрөөж, өөрийгөө гадаад ертөнцөөс тусгаарлах болсон гэх шүүмж яригдах болсон.

Тэгвэл тэр цагийг аль болох үр ашигтай өнгөрүүлэхийн тулд ажлын байрныхаа зэргэлдээ оршдог ерөнхий сайдын амьдардаг өргөөг бас ажлын зориулалтаар давхар ашиглаж байгаагаа Бямба гарагт тайлбарлажээ.

Арванхоёрдугаар сард Такаичи 1929 онд ашиглалтад орсон ерөнхий сайдын албан ёсны харшид нүүж орсон юм. Уг харш нь анх ерөнхий сайдын ажлын байр байсан бол сүүлд зэргэлдээ баригдсан шинэ барилгад шилжсэнээр ерөнхий сайдын амьдардаг өргөө болон үлдэж байжээ.

Такаичи ажлын байр болон амьдардаг өргөө нь зэргэлдээ байхын давуу талыг онцолж, шуурхай ажил гарахад хаанаас ч ажиллах боломжтойг тайлбарласан байна.

“Миний хувьд албан ёсны оршин суугаа газар маань ч бас ажлын байр юм” гэж тэр мэдэгджээ.

Такаичи ажлын ачааллын улмаас шөнө ердөө гурван цаг хүртэл хугацаанд унтаж байгаагаа саяхан мэдээлж байсан юм. Японы анхны эмэгтэй ерөнхий сайд болсон тэрбээр үүнийхээ төлөө ажил, амьдралын тэнцвэрийн асуудалд буруу үлгэр дуурайл үзүүлсэн хэмээн шүүмжлүүлж байлаа.

Үнийн өсөлтийг хязгаарлах эдийн засгийн арга хэмжээг хойшлуулсан, зөвхөн эрэгтэйчүүдийн хаан ширээ залгамжлах эрхийг баталгаажуулах хуулийн шинэчлэл санаачилсан зэргээс шалтгаалан Такаичи олон нийтийн дэмжлэгээ хурдтай алдаж байгаа.

Одоо түүний амьдарч буй өргөөнд 1930-аад оны үед хоёр ч удаа цус урсгасан төрийн эрх булаах оролдлого гарч байсан тул сүнстэй болсон гэх цуу яриа байдаг.

Гэвч Такаичи үүнийг үл тоомсорлон уг хуучны барилга дотор шөнө олон цагаар сууж ажилладаг гэнэ.

“Би хэзээ ч сүнс харж байгаагүй. Харин жоом хараад хашхирч байсан тохиолдол бий. Жоом хөлийн минь хажуугаар гүйхэд би маш их цочиж байсан” гэж тэр хэлжээ.

 

Эх сурвалж: Associated Press