Patriot пуужин үйлдвэрлэх лицензийг Украинд өгөхөө Трамп амлажээ
Лхагва гарагт Анкара хотод NATO-гийн чуулганы үеэр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп агаарын довтолгооноос хамгаалах Patriot пуужинг үйлдвэрлэх лицензийг Украин улсад өгөхөө амлажээ.
Тэрбээр Украины ерөнхийлөгч Володимир Зеленскийтэй уулзахдаа “Бид танайд Patriot пуужин үйлдвэрлэх лиценз өгөх болно. Бид үүнийг тайлбарлаж өгсний дараа тэд маш хурдан үйлдвэрлэж чадна гэж би бодож байна” гэж хэлсэн юм.
Трамп энэ шийдвэрийнхээ талаар үйлдвэрлэгч Lockheed Martin, Raytheon компаниудад мэдэгдээгүй байгаа ч үүнд “ямар нэг асуудал байхгүй” гэж хэлжээ.
Patriot бол пуужинг амдан устгах зориулалттай зэвсэг бөгөөд дэлхийн хамгийн шилдэг ийм системүүдийн нэгд тооцогддог.
Гэхдээ үнэ нь асар өндөр. Тухайлбал нэг батарей (харвагч, илрүүлэгч, радар оролцсон цогц систем) нь пуужингуудын хамт $1 тэрбум орчим үнэ хүрдэг юм.
Бас үйлдвэрлэх хугацаа урт буюу жилд 600 орчим пуужин үйлдвэрлэдэг гэсэн АНУ-ын батлан хамгаалах яамны тоо баримт бий.
Ираны эсрэг дайнд АНУ өөрийн пуужингийн нөөцийн талаас илүү хэсгийг ашигласан тул бусад улс орнуудад илүүчлэх сонирхолгүй байгаа гэдэг.
“Бидэнд Patriot байгаа ч тийм олон биш. Манайд өөрт маань бас хэрэгтэй байгаа” гэж Трамп өчигдөр хэлжээ.
Украин улсын хувьд Patriot пуужин маш их хэрэгтэй байгаа.
Оросын тал сүүлийн үед баллистик пуужингаар Украины хотуудыг довтолж, их хэмжээний хохирол учруулж байна.
Украины зэвсэгт хүчин Оросын нисгэгчгүй онгоцны довтолгоог бараг бүрэн зогсоож чадаж байгаа ч баллистик пуужинг эсэргүүцэх зэвсгийн хомсдолтой байгаа юм.
Тухайлбал Ням гарагт Оросын талаас Киев хот руу харвасан 23 баллистик пуужингийн ганцыг нь ч Украины тал зогсоож чадаагүйн улмаас 20 гаруй хүний амь үрэгдэж байв.
Тавдугаар сарын сүүлээр Украин улс Patriot пуужинг үйлдвэрлэх лиценз авах хүсэлтээ АНУ-д албан ёсоор өгснийг Зеленский мэдээлж байлаа.
Трамп өчигдөр ярихдаа сүүлийн үед Украины зэвсэгт хүчний гаргаж буй алсын зайн цохилтуудын амжилтыг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлжээ.
“Энэ бол хурцадмал байдал. Гэхдээ дайныг дуусгахад хүргэж болох хурцадмал байдал юм” гэж тэр зөвтгөсөн байна.
Трамптай зэрэгцэн суусан төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио газрын тосны үйлдвэрүүдэд явуулж буй Украины цохилтууд “агаарын орон зайгаа хамгаалах нь ямар хэцүү болохыг” Москвад харуулж, үүний үр дүнд Кремлийн эхлүүлсэн дайныг зогсооход хүргэж болохыг хэлжээ.
Трамп өмнө нь Путин, Зеленский нарыг уулзуулах гэж оролдоод бүтээгүй. Путин ийм уулзалтыг зөвхөн Москвад зохион байгуулах боломжтой гэдэг.
Өчигдөр Трамп энэ сэдвийг хөндөж, Москвад айлчлахад бэлэн байгаа эсэхийг Зеленскийгээс асуужээ. “Тэнд Украины маш олон дрон байгаа болохоор хэцүү байх болно” гэж Зеленский үүнд хошин өнгөөр хариулсан юм.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

