"Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй. Тиймээс өмнөх байгууллагын гаргасан шийдвэр хүчинтэй байна"

Э.Тэмүүлэн, iKon.mn
46 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Үндэсний их баяр наадмын бөхийн салбар хорооноос аймгийн хурц арслан Н.Өсөхбаярын талаар санал ирүүлснийг Үндэсний их баяр наадмын зохион байгуулах комисс танилцуулжээ. 

Энэ талаар Үндэсний их баяр наадмын комиссын дарга, шадар сайд Н.Номтойбаяр "Бөхийн салбар хорооноос долдугаар сарын 7-ны өдөр санал хүргүүлэх тухай албан бичиг өнөөдөр өглөө ирсэн. Үүний дагуу баяр наадмын комисс сая хуралдлаа.

Энэ үеэр допингийн асуудлаар эрх нь хасагдсан болон цол сэргээх хүсэлт гаргасан М.Бадарч, Н.Өсөхбаяр, Э.Чойням, М.Буяндэлгэр, Б.Бат-Орших нартай холбоотой асуудлыг хэлэлцсэн.

Гаргасан шийдвэрийг товч танилцуулахад эдгээр саналыг шийдвэрлэхэд эрх зүйн эрх бидэнд байхгүй. Тиймээс эцсийн шийдвэр гаргах боломжгүй байна.

Хоёрдугаарт бөхчүүдийн асуудлаар шийдвэр гаргахад санал хүсэлтээ ирүүлдэг Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллагаас гурван албан бичиг ирсэн. Нэр дурдагдсан бөхчүүдээс допинг илрээгүй гэдэг утга агуулгатай нэг ч бичиг энд байхгүй. Энд "Гаргасан зөрчлөө арилгаж байгаа", "Дүрмийнхээ хүрээнд асуудлыг шийдэж байна" гэсэн агуулгатай бичиг ирдэг.

Спортын арбитрын шүүхийн хүмүүсийг бас хуралдаа суулгасан. Гэтэл тэдний гаргасан шийдвэрийг хүлээж авах эрх зүйн орчин байгаа эсэх дээр учир дутагдалтай, маргаантай байна.

Тиймээс бид цаашдаа энэ асуудлыг судлах, шүүхийн маргаантай болон авлигатай тэмцэх газар, бусад хуулийн байгууллага дээр шалгагдаж байгаа ноцтой асуудлууд бий. Эцэст нь хэлэхэд эцсийн шийдвэрийг гаргах эрх зүйн орчин Үндэсний их баяр наадмын комисст алга байна.

Допингийн шинжилгээгээр А сорьцоос хориотой бодис илэрсэн бол 14 хоногийн дараа Б сорьцоо шинжилгээнд өгч, өөрсдийнхөө эрхийг хамгаалах боломж нь тамирчдад нээлттэй. Гэтэл М.Бадарч болон Н.Өсөхбаяр хоёр энэ хугацаанд Б сорьцоо шинжилгээнд өгөх хүсэлт ирүүлээгүй. 

Цолоо сэргээх хүсэлт гаргасан Б.Бат-Оршихын хувьд допинг хэрэглэсэн нь тогтоогдчихсон. Түүний шинжилгээг хадгалах хугацаа нь дуусаад устгагдсаны дараа "Одоо би шинжилгээ өгье. Цолоо сэргээе" гэдэг.

Тиймээс өмнөх байгууллагын гаргасан шийдвэр хүчинтэй байна. 

Гэхдээ энд нэг зүйлийг онцлоход допинг хэрэглээгүй нь тогтоогдсон гэдэг шийдвэр аль ч байгууллага гаргаагүй байна гэдгийг хэлье" гэв. 

Сонирхуулахад улсын гарди М.Бадарч 2023 онд эрхээ хасуулсан бөгөөд түүний эрх сэргэх хугацаа 2027 оны долдугаар сарын 12-нд, аймгийн хурц арслан М.Буяндэлгэр 2024 онд эрхээ хоёр жилээр, Э.Чойням 2025 онд эрхээ дөрвөн жилээр, Н.Өсөхбаяр өнгөрсөн жилийн наадмаас хойш эрхээ хасуулаад буй. Допингийн Эсрэг Байгууллагаас Н.Өсөхбаярын эрхийг дөрвөн жилээр хасах саналаа ирүүлсэн байдаг. 

Үүнээс үзвэл дээрх бөхчүүд энэ жилийн баяр наадмаар зодоглохгүй бололтой.