Наадмын өдрүүдээр аялагчдыг борооны өмнөх нөөлөг салхинаас сэрэмжилж үертэй голуудаас хол отоглохыг зөвлөв

М.Батчимэг, ikon.mn
44 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Маргааш буюу 7-р сарын 10-ны өдрөөс баруун аймгуудын нутгаас эхлэн нийт нутгаар бороотой байх төлөвтэй байгаа талаар цаг уурын байгууллагаас мэдээллээ. 

7-р сарын 10-13-нд нэлээд хур бороотой өдрүүд болох юм байна. 

  • 7-р сарын 10-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, Хөвсгөл, Архангай, Булганы нутгаар, 
  • 7-р сарын 11-нд Хангай, Хэнтийн уулархаг нутгаар, баруун аймгуудын зүүн, төв, зүүн аймгуудын ихэнх нутаг, Булган, Төв, Сэлэнгэ, Хэнтий аймгуудын нутгаар ахиухан хэмжээний усархаг аадар бороо орох юм байна. 
  • Мөн 7-р сарын 10-11-нд шилжих шөнө Хэнтий, Хөвсгөлийн уулсаар нэлээд сэрүүсэх учир уулаараа нойтон цас орох магадлалтай байгаа аж. 
  • 7-р сарын 12-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар 
  • 7-р сарын 13-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 
  • 7-р сарын 14-нд төв, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар
  • 7-р сарын 15-нд Монгол Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар  
  • 7-р сарын 16-нд Хэнтийн уулархаг нутаг 
  • 7-р сарын 17-нд нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай бороо орох юм байна. 

Усархаг аадар бороо нь үер усны аюулаас эхлээд мөндөр, аянга цахилгаан, нөөлөг салхины аюул дагуулдаг учир барьсан майхан зэргийг хийсгэх аюултайг анхааруулав. 

Өнөөдрийн байдлаар Монгол орны нийт гол, мөрнүүдийн 30 орчим хувь нь олон жилийн дунджаасаа ахиу урсацтай байгаа юм байна. Мөн ойрын өдрүүдийн борооноос үүдэж Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулуудаас усжиж байгаа голуудын түвшин одоогийн түвшнээсээ нэмэгдэж үерийн аюултай, эрсдэлтэй түвшинд хүрэх нөхцөл бүрдээд байгаа аж. 

Иймд голын эргээс зайтай отоглож, бага насны хүүхдэдээ анхаарал халамжаа сайжруулж, зориулалтын бус хөвөгчтэй гол ус руу орохгүй байхыг анхаарууллаа. 

Салхины хувьд 5-10м/с байх ба борооны өмнө түр зуур ширүүснэ. 

Агаарын температурын хувьд 7-р сарын 10-нд нутгийн баруун хойд хэсгээр, 7-р сарын 11-нд ихэнх нутгаар, 7-р сарын 12,13-нд нутгийн хойд хэсгээр ширүүсэх төлөвтэй байгаа юм байна.