"Нүхэн жорлонд унах, резинэн чихэрт хахах, эхийнхээ хөхөнд даруулах зэрэг шалтгаанаар хүүхдүүд амь насаа алдаж байна"
Хүүхэд, Гэр Бүлийн Хөгжил, Хамгааллын Ерөнхий Газар (ХГБХХЕГ)-ын "За бол заавал хийгээрэй" хөдөлгөөний хүрээнд Улсын их баяр наадмын үеэр хүүхдийн эрхийг хангах хамгаалах чиглэлээр зөвлөмж, мэдээлэл өглөө.
Баяр наадмын үеэр хүүхдийн эрхийг хэрхэн хангах талаар ХГБХХЕГ-ын дарга Б.Баярсайхан "Жил бүрийн наадмын үеэр бид унаач хүүхдүүдийн эрхийг хангаж ажиллахаар зорьдог. Энэ жил ч мөн ижил холбогдох холбоо, байгууллагууд хамтран ажиллаж байгаа.
Өчигдөр Хүй долоон худагт хурдан морины салбар хороо хуралдаж, уралдааны зам, аюулгүй байдлыг шалгалаа. Тиймээс зөвхөн уяачид төдийгүй эцэг, эхчүүдийг ч хүүхдэд тавих хараа хяналтаа сулруулахгүй байхад анхаарах шаардлагатайг сануулъя.
2024 оноос 2026 оны зургаадугаар сар хүртэл зарим нэг тоо баримтыг энд дурдахад осол, эндэгдэлд бүртгэгдсэн нийт хүүхдийн тоо 482, үүнээс амь насаа алдсан хүүхдийн тоо 253, байнгын хөгжлийн бэрхшээлтэй болсон зургаа, эмчилгээний дараа эдгэрсэн 123 байна.
Осол, эндэгдэлд орсон шалтгааныг тодруулбал
- хамгаалалтгүй нүхэн жорлон, муу усны нүх, шуудуунд унаж нас барсан тав,
- орон сууцны цонх, тагтнаас унаж нас барсан гурав,
- автомашинд хараа хяналтгүй орхисноос буюу зориулалтын суудал ашиглаагүйгээс угаартаж нас барсан хоёр,
- эхийнхээ хөхөнд даруулж нас барсан хоёр,
- бусад тохиолдол буюу резинэн чихэрт хахах, орноос унаж бэртэх, уяндаа орооцолдох, ахуй хэрэглээний хий сорох, тогонд цохиулах зэргээр амь насаа алдсан тохиолдол ч бий. Энэ бол цэвэр гэр бүлийн аюулгүй орчин, харгалзагч хүмүүсийн анхаарал болгоомжгүйгээс үүдэн гарч байгаа хэрэг юм.
- Мөн зам тээврийн ослоор 47 хүүхэд амь насаа алдсан бол гол нуур, усны ослоор 16, мориноос унаж зургаан хүүхэд амь насаа алдсан харамсалтай баримт бий.
Энэ жилийн наадмаар манай газраас даатгалын компаниудад санал тавьсны үр дүнд хийж байгаа нэг ажил бол даатгалын хэмжээг нэмэгдүүлсэн. Өмнө нь жилдээ ₮100,000 төлөөд ямар нэг асуудал гарахад ₮20 саяыг авдаг байсан бол одоо тав дахин нэмэгдсэн байгаа. Тодруулбал ₮250,000 төгрөг төлөөд ₮100 сая хүртэлх мөнгө авах боломж бүрдсэн.
Хэдийгээр даатгалын мөнгө нэмэгдсэн ч хүүхдийн амь насыг ямар ч мөнгөн дүнгээр хэмжих боломжгүйг сануулахад гэмгүй. Гэхдээ дээрх шийдвэр болзошгүй аюулаас урьдчилан сэргийлж буй нэг алхам юм.
Унаач хүүхдүүдийн стандартын хувцас, хамгаалалтын хэрэгсэлд бид байнга анхаарч байгаа. Өнгөрсөн жил салбарын сайд маань Монголын Морин Спорт, Уяачдын холбоотой хугацаагүй санамж бичиг байгуулсан. Үүгээр баяр наадмын үеэр шагнуулсан хүүхдүүдийн мөнгийг ирээдүйн боловсролд нь хадгалах байдлаар урамшуулахыг хоёр талаас дэмжигдсэн гэдгийг хэлье.
"За бол заавал хийгээрэй" хөдөлгөөний хүрээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор 21 аймаг, нийслэлд байгаа тоглоомын талбайд шалгалт хийсэн байгаа. Энэ хөдөлгөөний гол зорилго нь манай улсад хүүхдийн эрхийг хамгаалах хууль нь байгаа ч хэрэгжилт нь сул байгааг бид бүгд мэднэ. Салбар бүрд хуулиа бүрэн хэрэгжүүлэхийг уриалж байгаа юм" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

