Жүжигчний урлагийн замналыг дуусгасан дуулианы баримтыг AI-аар үүсгэсэн болохыг Өмнөд Солонгосын цагдаа тогтоожээ
Алдартай жүжигчин Ким Сү Хёны урлагийн замналыг дуусгахад хүргэсэн дуулианы баримт нь хиймэл оюунаар үүсгэсэн хуурамч зүйл байсан нь батлагдсан тул үүнийг үүсгэсэн YouTube контент бүтээгчийг баривчлах хүсэлт гаргаж байгаагаа Өмнөд Солонгосын цагдаагийн байгууллага өчигдөр мэдээлжээ.
Сэжиглэгдэж буй этгээд нь Ким Сү Хёныг жүжигчин Ким Сэ Ронтой насанд хүрээгүй байхад нь болзож байсан мэт ойлгогдохуйц мессэжийн дэлгэцийн хуулбар болон утасны ярианы бичлэгийг хиймэл оюуны технологи ашиглан бүтээж, тараасан гэж сэжиглэж байгаа юм байна.
Ким Сэ Рон өнгөрсөн онд 24 насандаа амиа хорлосны дараа уг дуулиан дэгдэж байв.
Дуулиан Өмнөд Солонгосын нийгмийг цочроож, Ким Сү Хёны нэр хүндийг огцом унагасан юм. Тэрбээр өөрийг нь жүжигчин бүсгүйн үхэлд буруутгасан мэдээллийг байнга няцааж байв.
Ким Сэ Роныг нас барснаас хойш хэдэн сарын дараа YouTube контент бүтээгч Ким Сэ Үй нэгэн бичлэг нийтэлсэн нь жүжигчин бүсгүй дунд сургуульд байх үеэсээ Ким Сү Хёнтой болздог байснаа ярьсан агуулгатай байжээ.
Нэг сая орчим дагагчтай Ким Сэ Үй бас жүжигчдийн хоорондоо харилцаж байсныг батлах баримт гэх мессэжүүдийн дэлгэцийн хуулбарыг нийтэлж байв.
Тэгвэл мөрдөгчид дээрх ярианы бичлэгийг хиймэл оюунаар бүтээсэн болохыг тогтоожээ. Бас мессэжүүдийн хуулбарыг хуурамчаар үйлдсэн гэж сэжиглэж байгаа юм байна.
Энэ бүхнийг YouTuber хандалтаа өсгөж, ашиг олохын тулд үйлдсэн гэж цагдаагийн байгууллага дүгнэжээ.
Түүний үйлдэл “Ким Сү Хёны нийгмийн байр суурь, эдийн засгийн үйл ажиллагааг бүхэлд нь нурааж, мэргэжлийн хувьд оршин тогтнох үндэс суурийг нь сүйтгэсэн” гэж цагдаагийн газрын баривчлах хүсэлтэд бичсэн байна.
Үүний улмаас жүжигчин залуу “сэтгэцийн эмчилгээ хийлгэж байгаа” талаар мөн дурджээ.
Өмнөд Солонгосын урлаг соёлын алдартнууд ёс суртахууны өндөр стандартыг баримталж, нийгмийн хатуу хяналтад байдаг.
Бэлгийн хүчирхийлэл үйлдсэн, өсвөр насандаа дээрэлхэгч байсан, хуурамч брэндийн хувцас өмссөн гэх мэт олон шалтгааны улмаас тэдний урлагийн замнал өндөрлөж, олны нүднээс ор сураггүй алга болох тохиолдол бий.
Ким Сэ Рон өөрөө 2022 онд согтуугаар жолоо барьсан хэргээр торгуулсан нь илэрсний дараа нийгмийн дайралтад өртсөн юм.
Үүнээс өмнө тэр Өмнөд Солонгосын хамгийн ирээдүйтэй залуу жүжигчдийн нэгд тооцогддог байв.
Амиа хорлосных нь дараахан жүжигчин Ким Сү Хён түүнийг 15 настай байхад болздог байсан тухай цуурхал тарсан юм.
Дээрх YouTube контент бүтээгчийн тараасан баримтуудын улмаас энэ дуулиан улам газар авч байжээ.
2025 оны гуравдугаар сард болсон хэвлэлийн хурлын үеэр нүдэндээ нулимстай Ким Сү Хён жүжигчин бүсгүйг насанд хүрсэн үед нь нэг жилийн турш болзож байснаа хүлээсэн ч насанд хүрээгүй байхад нь уулздаг байснаа үгүйсгэж байв.
Дараа нь тэр хуурамч мэдээлэл тараасан хэргээр YouTube контент бүтээгчийн эсрэг шүүхэд гомдол гаргасан юм.
Тэр үеэс хойш Ким Сү Хёны оролцсон бүх сурталчилгаа, шоу, уран бүтээлүүд зогсжээ.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

