Трамп “завгүй” шалтгаанаар ууган хүүгийнхээ хуримд оролцохгүй
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп ажлын шаардлагаар Вашингтонд байх хэрэгтэй болсон тул ууган хүү Дональд Трамп Жүниорын хуримд оролцохгүйг Баасан гарагт мэдэгджээ.
Түүний хүү Флорида мужийн Палм Бич хотын цуутай бүсгүйчүүдийн нэг Беттина Андерсонтой гэрлэж байгаа юм.
“Би хүү Дон Жүниор болон Трампын гэр бүлийн шинэ гишүүн, түүний гэргий болох гэж буй Беттинатай хамт байхыг маш их хүсэж байсан ч засгийн газартай холбоотой нөхцөл байдал, АНУ-ыг хайрлах хайр зэрэг нь надад үүнийг зөвшөөрөхгүй байна” гэж Трамп сошиал хуудсаараа мэдэгджээ.
Тэрбээр цааш нь “Энэ чухал цаг үед Вашингтонд, Цагаан ордонд үлдэх нь надад чухал гэж би бодож байна” гэж бичсэн юм.
Хуримын ёслол энэ амралтын өдрүүдэд Бахамын арлуудын нэг жижиг арал дээр болохыг эх сурвалжууд баталжээ.
Пүрэв гарагт “бага” Трамп болон Беттина нар Палм Бичийн захиргаанд гэрлэлтээ бүртгүүлсэн нь тодорхой болсон байна.
Тэрбээр тухайн өдөр өөрийн хуримд аавыгаа оролцуулах хүсэлтэй байгаагаа сэтгүүлчдэд хэлсэн ч үүнд нь “бага зэрэг хувийн асуудал” байгааг хүлээн зөвшөөрсөн юм.
Ерөнхийлөгч Трамп амралтын өдрүүдийг Нью Жерси дэх Бэдминстерийн гольфын талбайд өнгөрүүлэх төлөвлөгөөтэй байснаа гэнэт цуцалж, Баасан гарагийн орой Цагаан ордон руу буцсаныг албаны эх сурвалж баталж байна.
Одоо 48 настай Трамп Жүниор гурав дахь удаагаа гэрлэж байгаа юм. Тэрбээр өмнөх гэргий болох модель, жүжигчин асан Ванессатай 12 жил амьдрахдаа таван хүүхдийн эцэг эх болж байв.
Ванесса 2018 онд түүнээс салах өргөдөл гаргасан юм. Трамп Жүниор хожим Америкийн телевизийн од Кимберли Гилфойлтой сүй тавьсан ч 2024 онд цуцалж байжээ.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
