Комүсүби Вакатакакагэ дээд зиндаанд хоёр дахиа түрүүллээ
Мэргэжлийн сүмогийн тавдугаар сарын тэмцээн комүсүби Вакатакакагэгийн ялалтаар өндөрлөлөө.
2022 оны Хаврын тэмцээнд түрүүлж байсан 31 настай япон эр 12 даваа, гурван унаатай болсон юм. Тэгвэл сүүлийн өдөр хүртэл тэргүүлж явсан озеки Киришима Б.Лхагвасүрэн ижил 12 даваа, гурван унаатайгаар нэмэлт барилдаан хийсэн боловч өрсөлдөгчөө дийлсэнгүй.
Гэхдээ Сүмогийн Холбоо дараагийн тэмцээнд түрүүлбэл ёкозүнагийн болзол сонсох боломжтойг дуулгав.
Жүрюү зиндаанд 24 настай Казүма 12 даваа, гурван унаагаар түрүүлсэн бол санманмэ зиндаанд Асахифүжи Б.Очирсайхан 7:0 амжилтаар түрүүлсэн юм.
Б.Очирсайхан ийнхүү мэргэжлийн сүмод орсон цагаасаа хойш нэг ч уналгүй 21 давсан үзүүлэлтээр доод гурван зиндаанд дараалан түрүүлж байна.
Дайчин барилдааны шагналыг Ёшинофүжи, Хакүнофүжи нар хүртсэн бол техниктэй бөхийн шагналыг комүсүби Вакатакакагэ хүртлээ.
Дээд зиндааны хамгийн ахмад бөх болоод буй Тамаваши Б.Мөнх-Оргил энэ сарын тэмцээнд ердөө хоёр ялсан. Ингэснээр жүрюү зиндаа руу унах нь тодорхой болсон. Гэхдээ Б.Мөнх-Оргил зодог тайлах бодолгүйгээ сэтгүүлчдэд ярьжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
