Эдийн засаг нь доройтсон Куба улс Хятадаас 15,000 тонн цагаан будааны тусламж хүлээн авчээ
Хятадын засгийн газраас Куба улсад тусламжаар илгээсэн 15,000 тонн цагаан будааг Хавана хотын боомтод хүлээж авснаа тус улсын ерөнхийлөгч Ням гарагт мэдээлжээ.
Энэ нь Хятадын засгийн газраас амласан 60,000 тонн будааны эхний хэсэг юм байна.
“Эв нэгдлийн илэрхийлэл болсон энэхүү эрхэм бэлэг нь эрүүл мэнд, боловсролын байгууллагуудаас гадна манай улсын бүх мужууд, Исла дэ ла Хувентуд хотын сая сая хүнд хүрэх болно” гэж Кубын ерөнхийлөгч Мигел Диас-Канел сошиал хуудсандаа бичжээ.
Коммунист дэглэмтэй тус арал улс 1962 оноос хойш АНУ-ын худалдааны хориг дор оршиж байгаа ч сүүлийн хэдэн сарын хугацаанд Трампын засаг захиргааны тавьсан эрчим хүчний хоригийн улмаас эдийн засаг нь эрс доройтоод байна.
Энэ оны нэгдүгээр сард Венесуэл улсын ерөнхийлөгч Николас Мадурогийн дэглэм унасны дараа Куба бүс нутгийн гол холбоотноо, бас газрын тосны гол нийлүүлэгчээ алдсан юм.
Үүний дараа Трампын засаг захиргаа Кубад газрын тос нийлүүлсэн ямар ч улсыг худалдааны хоригоор шийтгэхээ анхааруулж байв.
Хаванад суугаа Хятадын элчин сайд Хуа Шинь 60,000 тонн цагаан будааг сүүлийн жилүүдэд тус улсаас Кубад үзүүлсэн “хамгийн том хүнсний тусламж” болохыг хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолжээ.
Өнгөрсөн долоо хоногт Трампын засаг захиргаа 1996 онд иргэний агаарын тээврийн нисэх онгоцыг буудаж унагасан хэрэгт Кубын өмнөх ерөнхийлөгч, хувьсгалын удирдагч Фидель Кастро агсны дүү Рауль Кастрог яллах шийдвэр гаргасан юм.
Одоо 94 настай Рауль 2018 онд ерөнхийлөгчийн албан тушаалыг залгамжлагчдаа шилжүүлсэн ч Кубыг далдаас удирдсан хэвээр байгаа гэлцдэг.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
