Энэтхэгийн компани ТЭЗҮ-ийг боловсруулж буй Туул усан цогцолборыг 300 орчим сая доллароор байгуулах тооцоолол гарчээ
Гадаргын усыг ашиглах зорилгоор Туул усан цогцолборыг байгуулахаар болоод буй. Туул, Тэрэлж гол дээр урсац тохируулгын далан байгуулж, Туул усан цогцолборыг барьснаар гадаргын усыг ашиглах боломж бүрдэх аж.
Албаны эх сурвалжийн мэдээлснээр Энэтхэг улсын KPIL (Kalpa project international limited llc) ХХК “Туул усан цогцолбор”-ын төслийн Техник Эдийн Засгийн Үндэслэлийг(ТЭЗҮ) боловсруулж байгаа бөгөөд нэгдүгээр үе шатны ажлын явц 90 хувьд хүрчээ. Усан санг долоон жилийн хугацаанд буюу 2025-2032 онд байгуулахаар төлөвлөжээ.
Усан цогцолбортой болсноор Улаанбаатар хотын иргэдийг ус хангамжийн баталгаат эх үүсвэртэй болгож, дагуул хотуудын ус хангамжийн асуудлыг шийдвэрлэхэд туслахын зэрэгцээ нийслэл хотыг үерийн эрсдэлээс хамгаалах, Туул голын экологийн тэнцвэрт байдлыг хангах, цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх зэрэг байдлаар ашиглана.
Туул усан цогцолбор нь 50-100 сая метр.куб ус хуримтлуулах хүчин чадалтай бөгөөд далангийн урт 685.15 метр, өндөр 35.8 метр, хурдасны гүн 19.84 метр. Цогцолбор нь нийт 5,569 ам.метр талбайг хамарна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
