Хятадад нүүрсний уурхай дэлбэрсний улмаас 82 хүний амь үрэгдэв

С.Мөнхцэцэг, ikon.mn
43 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Бямба гарагт Хятад улсын хойд бүсийн нэг нүүрсний уурхайд дэлбэрэлт болсны улмаас хамгийн багадаа 82 хүний амь үрэгдэж, хоёр хүн сураггүй алга болсныг албаны эх сурвалж мэдээлжээ.

Өчигдөр орой аврах албаныхан сүүлийн байдлаар мэдээлэл өгөхдөө өмнө нь зарлаж байсан үхлийн тоог 90-ээс 82 болгон бууруулсан юм.

Шаньси мужийн Люшенью уурхайд болсон хийн дэлбэрэлт нь 2009 оноос хойш Хятадад гарсан уул уурхайн хамгийн том осолд тооцогдож байна.

Баасан гарагийн орой 19:29 цагт уурхай дэлбэрэхэд 247 хүн ажиллаж байсан бөгөөд тэднээс 100 гаруйг нь аварчээ.

Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпин амьд үлдсэн хүмүүсийг аврах, бэртсэн хүмүүсийг эмчлэхэд бүх хүчин чармайлтаа гаргахыг холбогдох албаныханд даалгасан байна.

Сүүлд тус улсын төрийн төв зөвлөл “шуурхай мөрдөн байцаалт явуулж, буруутай этгээдүүдийг хатуу шийтгэх” тухай мэдэгджээ.

Аврах албаныхан ослын дараа эмх замбараагүй байдал үүссэний улмаас амь үрэгдсэн хүний тоог эхлээд буруу зарласандаа олон нийтээс уучлал гуйсан байна.

Одоогоор 128 хүн эмнэлэгт эмчлүүлж байгаагаас хоёрынх нь биеийн байдал хүнд байгаа гэнэ.

Тэдний ихэнх нь хортой хийд угаартсаныг Хятадын төв хэвлэл мэдээлсэн ч ямар төрлийн хий байсныг дурдаагүй байна.

Уурхайн зарим удирдах ажилтныг цагдаа нар баривчилжээ.

Хятадын онцгой байдлын яам нийт 345 мэргэжилтнээс бүрдсэн зургаан аврах багийг ослын газарт илгээсэн байна.

2024 онд Хятадын Уул Уурхайн Аюулгүй Байдлын Үндэсний газар Люшэньюг тус улсын хамгийн аюултай уурхайнуудын нэгээр зарлаж байжээ.

Уурхайг эзэмшигч Тунжоу Групп 2025 онд аюулгүй байдлын асуудлаар хоёр удаа захиргааны шийтгэл хүлээж байсан гэнэ.

Шаньси муж нь Хятадын нийт нүүрсний хэрэгцээний дөрөвний нэгээс илүү хэсгийг олборлодог.

2000-аад оны эхээр Хятад даяар нүүрсний уурхайн осол түгээмэл гардаг байв. Сүүлийн жилүүдэд аюулгүй байдлын стандартыг чангатгаж, хууль бус нүүрсний уурхайнуудтай хатуу тэмцэж байгаа.

Гэвч осол эндэгдэл гарсаар байна.

2023 онд Өвөр Монголын хойд хэсгийн нүүрсний уурхай нурахад 53 хүн дарагдаж байв. 2009 онд зүүн хойд Хэйлунзян мужийн нэг уурхайд дэлбэрэлт болоход 100 гаруй хүн амиа алдаж байжээ.

Хятад улс сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүрийн суурилуулалтаар дэлхийд тэргүүлдэг ч бас дэлхийн хамгийн том нүүрс хэрэглэгч, хамгийн том хүлэмжийн хий ялгаруулагч хэвээр байгаа юм.

 

Эх сурвалж: BBC