Ормузын хоолойг нээх зэрэг ихэнх асуудлаар Ирантай тохиролцоонд хүрсэн талаар Трамп мэдэгджээ

Т.Давааням, ikon.mn
55 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Ираны талтай ихэнх асуудлаар тохиролцоонд хүрсэн бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй зарлах талаар АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ.

Тохиролцооны хүрээнд Ормузын хоолойг нээх асуудал багтаж байгааг тэр Бямба гарагт хийсэн мэдэгдэлдээ дурдсан байна.

Түүнээс өмнө Ираны гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Эсмаил Бакай өөрийн төв телевизээр ярихдаа сүүлийн нэг долоо хоногийн турш хоёр улс байр сууриа нэгтгэх чиглэлд ахиц гаргаж байгааг баталсан ч энэ нь гол асуудлууд дээр тохиролцоонд хүрсэн гэсэн үг биш болохыг анхааруулсан юм.

Трамп сошиал хуудсандаа “Энх тайван тогтоохтой холбоотой харилцан ойлголцлын санамж бичиг” байгуулах асуудлаар Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмират, Катар улсуудын удирдагчидтай “маш үр дүнтэй ярилцсан” талаараа бичжээ.

“АНУ, Исламын Бүгд Найрамдах Иран Улс болон жагсаалтад дурдсан бусад улс орнуудын хооронд эцэслэн байгуулагдах гэрээний ихэнх заалтууд дээр тохиролцсон. Тохиролцооны эцсийн үр дүн болон дэлгэрэнгүй мэдээллийг одоо хэлэлцэж байгаа бөгөөд удахгүй зарлах болно” гэж тэр мэдэгдсэн юм.

Трамп бас өчигдөр Израилийн ерөнхий сайд Бенжамин Нетаньяхутай утсаар “маш сайхан” ярилцсан талаараа мэдээлжээ.

Ямар ч гэрээ байгуулсан тохиолдолд Иран улс цөмийн зэвсэгтэй болохооргүй болж байгааг тэр баталсан байна.

Хоёрдугаар сарын 28-ны өдөр АНУ, Израилийн зэвсэгт хүчнүүд Ираны нутаг дэвсгэрт агаарын цохилт өгснөөр Ойрх Дорнодын орнуудыг хамарсан дайн эхэлж байв.

Дөрөвдүгээр сарын дундуур талууд дайны галаа зогсоохоор тохиролцсон нь ихэнхдээ хэрэгжиж байгаа.

Ираны гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Эсмаил Бакай тус улсын гол зорилго 14 зүйлээс бүрдэх харилцан ойлголцлын санамж бичиг байгуулах асуудлаар тохиролцоонд хүрэх болохыг өчигдөр мэдэгджээ.

Уг санамж бичиг одоо эцэслэн боловсруулагдах шатандаа явж байгаа бөгөөд байгуулагдаж чадвал цаашид 30-60 хоногийн дотор энхийн гэрээ байгуулах боломжтойг тэр хэлсэн юм.

 

Эх сурвалж: BBC