Сэлбэ голын үерийн оргил урсцыг хуримтлуулах усан сангийн ажил удааширчээ
Баянзүрх дүүргийн 29 дүгээр хороо, Сүхбаатар дүүргийн 13, 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 50 орчим га талбайд Сэлбэ голын үерийн оргил урсцыг хуримтлуулах 1.3 сая метр куб эзлэхүүн бүхий усан сан барих, таван шатлалт усан сан болон жижиг хиймэл нуурууд үе шаттай байгуулж байгаа бөгөөд барилга угсралтын ажлыг 2025 онд эхлүүлээд буй.
Өнөөдрийн байдлаар усан сангийн байгууламжийн газар шорооны ажил 30 хувьтай, далангийн угсармал төмөр бетон хавтангийн үйлдвэрлэл 80 хувьд хүрсэн байна.
Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Бямбасайханы мэдээлснээр тус байршлын айл өрхүүдэд газрын гэрчилгээ байхгүй учир нөхөх олговор өгөх боломжгүйгээс ажил нь удааширчээ.
Харин хотын даргын зүгээс энэ байршилд газар чөлөөлөлтийг эрчимжүүлэхийг дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгоно гэв.
Энэхүү таван шатлалт хуримтлуурын санг хийснээр үерийн эрсдэлээс бий болох ₮2.4 их наядыг хэмнэх бөгөөд эхнийхийг нь энэ жил дуусгах аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
