Ц.Сандаг-Очир: Багануурын уурхайг түшиглэсэн нүүрс пиролизын үйлдвэр байгуулахаар шийдвэрлэлээ

А.Ням-Өлзий, iKon.mn
3 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир “Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахтай холбоотойгоор Багануурын уурхайг түшиглэж хагас коксон түлш үйлдвэрлэх нүүрс пиролизын үйлдвэр байгуулах асуудлыг өнөөдөр эцэслэн шийдвэрлэлээ.

Ер нь олон төсөл хөтөлбөр ярихгүйгээр цаашид зөвхөн Багануурын ордын түшиглэж энэ үйлдвэрийг байгуулахаар эцэслэж байгаа юм.

Энэ төсөл хэрэгжсэнээр цаашид 600 мянган тонн хагас коксон түлш үйлдвэрлэх боломжтой болж байна. Өнөөдөр Багануурын уурхай нүүрсээ түүхийгээр нь хэрэглэж байгаа бол цаашид боловсруулдаг болох боломж бүрдэж байгаа юм.

Мөн нүүрсийг боловсруулахаас гадна эрчим хүчний 50 МВт-ын цахилгаан станцыг дагуулан барина.

Нүүрс пиролизын үйлдвэр байгуулах төсөл 490 гаруй тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй. Энэ оны гуравдугаар улиралд багтаж нийслэлийн захиргаа төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах ёстой. Ингээд дөрөвдүгээр улирлаас бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж 2028 оны нэгдүгээр улиралд ашиглалтад оруулах зорилттой ажиллаж байна.

Санхүүжилтийн тухайд Чингис хаан баялгийн сан нийт төсөвт өртгийн 20 хувь, Улаанбаатар хотын захиргаа 10 хувийг, үлдсэн 70 хувийг гадаадын хөрөнгө оруулалт, зээлээр авна.

Энэ үйлдвэр ашиглалтад орсноор Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 50 хувь бууруулах боломжтой болох юм.

Хоёрдугаарт, COP-17 зохион байгуулагдахад 40 хоног үлдээд байна. Өнөөдрийн байдлаар барилга угсралт, дэд бүтцийн ажлууд үндсэндээ дууссан.

Бүх ажлаа дуусгаад наймдугаар сарын 3-4-ний хооронд НҮБ-ын талд хүлээлгэн өгөх зорилготойгоор баяр наадмын өдрүүдээр зогсолтгүй 24 цаг ажиллана.

Баяр наадмаар хил, гаалийн байгууллага амрах тул түүнээс наана шаардлагатай тоног төхөөрөмж, бараа материалаа татан авч байгаа.

Энэ удаагийн COP-ийг гадна, дотнын сонирхогчид олон байна. Өнөөдрийн байдлаар 700 гаруй сонирхогчид төсөл, хөтөлбөрөө танилцуулах хүсэлт ирүүлээд байгаа.

Энэхүү арга хэмжээнд сайн дурын ажилтнаар ажиллах хүсэлтээ 2,000 гаруй хүн өгснөөс насанд хүрсэн 500 иргэн, ахлах ангийн 100 сурагчийг сонгон шалгаруулна. Долоодугаар сарын сүүлчээр сайн дурын ажилтнуудыг сургалтад хамруулна" гэв.