Э.Батбаяр: Үүрээр орсон борооны улмаас үер устай холбоотой 25 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн

Э.Тэмүүлэн, iKon.mn
18 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улаанбаатар хотын үер, усны нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Геодез усны барилга байгууламжийн газар, нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээлэл өглөө.

Өнөөдөр 04:00 цагийн орчимд үргэлжилсэн аадар борооны улмаас Улаанбаатар хотын зарим хэсэг усанд автсан юм.

Энэ талаар Нийслэлийн Онцгой Байдлын Газрын дэд дарга Э.Батбаяр "Үүрээр орсон борооны улмаас Улаанбаатар хотын зүүн хэсгээр 13 орчим миллиметр, баруун хэсгээрээ 47 миллиметрийн хур тунадас орж зарим хэсгээр үерийн нөхцөл үүслээ.

Ойрын өдрүүдэд иймэрхүү бороо үргэлжлэн орох шинжтэй байгааг мэргэжилтнүүд сануулж байгаа. Өнгөрсөн шөнө үер устай холбоотой 25 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.

Өнгөрсөн онд Улаанбаатар хотын хэмжээд ус тогтдог 103 байршлыг тодорхойлсон. Энэ үеэр үерийн эрсдэлтэй бүсийг бас тодорхойлсон байдаг. Энэ дагуу тодорхой цэгүүдэд бэлэн байдлыг хангах үүрэг өгсний дагуу бид ажилласан. Яг одоогийн байдлаар нийслэлийн зургаан дүүргийн 38 байршилд ус тогтсон мэдээлэл ирсэн. Захын дүүргээр зарим үерийн далан, шуудуу хэтэрсэн байдалтай байна. Яг одоогийн байдлаар ус тогтсон 15 байршилд 250 гаруй албан хаагч, 64 техник хэрэгсэлтэйгээ үерийн хор уршгийг арилгахаар ажиллаж буй. Ус тогтсон байршлуудад үүссэн хог хаягдлыг цэвэрлэж дуусгаад үдээс хойш ариутгалын арга хэмжээ хийгдэнэ" гэлээ.

Өнгөрсөн жил хийсэн судалгаагаар үерийн өндөр эрсдэлтэй бүсэд 1,917 айл өрх байгааг тогтоосон. Тэдэнд үерийн эрсдэлтэй бүсээс нүүх мэдэгдэх хуудас хүргүүлсэн ч зарим нь нүүх хүсэлгүй байгаагаа илэрхийлжээ. Үерийн өндөр эрсдэлтэй бүсэд ихэвчлэн гол дагаж байрласан айлууд ордог байна. 

Наадмын дөрвөн өдрийн гуравт нь бороо орох төлөвтэй байна. Тиймээс наадмын үеэр үер усны эрсдэлээс сэргийлэхийг санууллаа.