Автомашины сохор бүсэд хүүхэд байгаа эсэхийг сайтар шалгасны дараа хөдөлгөөн үйлдэхийг ЗӨВЛӨЛӨӨ

П.Сайнжаргал, IKON.MN
2 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Баяр наадмын өдрүүдэд хөдөө хол замд явах иргэдэд Тээврийн Цагдаагийн Алба (ТЦА)-наас анхааруулга, зөвлөгөө өгөв. 

ТЦА-ны Урьдчилсан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Отгонтамир хэлэхдээ "Тээврийн хэрэгсэлдээ эрддэг асуудлыг анхааруулж хэлье.

Миний машин туулах чадвар, өндөрлөгөө сайтай учраас үертэй гол байсан ч гараад явчихна гэх мэтчилэн тээврийн хэрэгсэлдээ эрдээд гол ус руу орох, уул хадтай газар, бартаат замтай хэсгээр орж эрсдэлтэй нөхцөл бий болгодог. 

Мөн тээврийн хэрэгслийн ойр орчимд буюу сохор бүсэд хүүхэд байгаа эсэхийг шалгаж хөдөлгөөн үйлдэх хэрэгтэй. Үүнийг онцгойлон анхаараарай. Та тээврийн хэрэгслээ тойроод харахад хэдхэн секунд л болно. Хүүхдэдээ хараа хяналт тавиарай.

Одоогоос 2-3 жилийн өмнө орон нутагт зэргэлдээ эгнээнд зогсож байсан тээврийн хэрэгсэл нь хөдөлгөөн эхлэхдээ таван настай хүүхдийг дайрч амь насыг нь хохироосон харамсалтай осол гарсан. Энэ оны эхний таван сард ийм шалтгаант ослоор бага насны хоёр хүүхэд эндсэн.

Амралт зугаалгаар явсан ч хүүхдэдээ тавих хараа хяналт, эцэг эхийн үүрэг хариуцлага гэдэг зүйл маш өндөр байх хэрэгтэйг зөвлөе" гэлээ.