Хэдхэн хоногийн өмнө айлчлалаа цуцалж байсан Тайванийн ерөнхийлөгч ямар нэг аргаар Эсватини улсад хүрэлцэн очжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
42 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Хэдхэн хоногийн өмнө дайран нисэх улс орнуудаас зөвшөөрөл авч чадаагүйн улмаас айлчлалаа цуцалж байсан Тайванийн ерөнхийлөгч Лай Чин Тэ өчигдөр Африк тивийн Эсватини улсад хөл тавьж чадсанаа мэдээлжээ.

Тайваньтай дипломат харилцаатай дэлхийн 12 улсын нэг, Африк тив дэх цорын ганц холбоотон нь болох Эсватини улсад хийж буй айлчлал “дипломат болон үндэсний аюулгүй байдлын багийн олон өдрийн нарийн зохицуулалтын ачаар” амжилттай хэрэгжсэнийг тэр мэдээлсэн ч ямар замаар тус улсад хүрснээ дурдаагүй байна.

Харин Тайвань арлыг өөрийн газар нутгийн салшгүй хэсэг гэж үздэг Хятадын эрх баригчид уг айлчлалыг “орголт маягийн инээдмийн жүжиг” хэмээн нэрлэжээ.

Хэвлэлийн гэрэл зурагт Эсватини улсын ерөнхий сайд Рассел Дламини хүндэт харуулын өмнө Лай Чин Тэтэй зэрэгцэн алхаж буйг харуулсан байна.

Тайванийн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд гадаад хэргийн сайд Лин Чиа Лун, үндэсний аюулгүй байдлын зөвлөх Алекс Хуан нар багтжээ.

Лайгийн айлчлалын талаар Тайвань, Эсватинигийн талууд урьдчилж мэдээлээгүй байсан юм.

Айлчлал анх дөрөвдүгээр сарын 22-26-ны өдрүүдэд төлөвлөгдсөн байсан ч Энэтхэгийн далайн Сейшелийн арлууд, Маврики, Мадагаскар улсууд нутаг дэвсгэр дээгүүрээ нисэх зөвшөөрөл өгөөгүйн улмаас цуцлагдаж байв.

Тайванийн эрх баригчид дээрх улсуудад Хятадын тал дарамт шахалт учруулж, эдийн засгийн хөшүүрэг хэрэглэсэн хэмээн шүүмжилж байлаа.

Энэ айлчлалын зорилго Эсватинигийн хаан III Мсватигийн ширээндээ заларсны 40 жилийн ойн арга хэмжээнд оролцох байжээ.

Лай сошиал хуудсандаа “Тайвань гаднын дарамт шахалтаас хэзээ ч айхгүй. Бидний шийдэмгий байдал, үүрэг амлалт нь тулгарсан бэрхшээлээс үл хамааран дэлхий ертөнцтэй харилцаагаа үргэлжлүүлэхэд оршино” гэж бичжээ.

Тэр бас “төрөл бүрийн дипломат болон эдийн засгийн дарамтын эсрэг бат зогсож, Тайванийн олон улсын байр суурийг бодит үйлдлээрээ дэмжсэн” Эсватини улсын эрх баригчдыг магтсан байна.

Өмнө нь Свазилэнд нэртэй байсан далайд гарцгүй бяцхан хаант улс Эсватини бол Тайваньтай дипломат харилцаатай Африк тивийн цорын ганц улс юм.

Тиймээс энэ харилцаагаа хадгалах нь Тайпэйн эрх баригчдын хувьд маш чухал байдаг.

Хятадын гадаад хэргийн яам “Ардчилсан Дэвшилтэт Намын эрх баригчид гаднын ямар хүчинтэй хэрхэн хуйвалдаж, ямар хэлбэрээр бусдын үнэнч байдлыг худалдаж авсан нь хамаагүй. Энэ бүхэн нь Тайвань бол Хятадын нэг хэсэг гэсэн баримтыг өөрчлөх боломжгүй, үр дүнгүй хүчин чармайлт юм” гэж мэдэгджээ.

Ардчилсан Дэвшилтэт Нам нь ерөнхийлөгч Лай Чин Тэгийн эрх баригч нам юм.

 

Эх сурвалж: BBC