Оросын явуулж буй эзлэн түрэмгийлэх дайныг зогсоох энхийн төлөвлөгөөг эцэслэн боловсруулах шатандаа орсон бөгөөд үүний дараа АНУ-ын төлөөлөгчид Москвагийн эрх баригчдад танилцуулах төлөвтэй байгааг Украины ерөнхийлөгч Володимир Зеленский өчигдөр сэтгүүлчдэд мэдээлжээ.
Германы нийслэл Берлин хотод хоёр өдөр үргэлжилсэн уулзалтын дараа АНУ-ын төлөөлөгчид Орос, Украины хоорондын асуудлуудын 90 хувийг шийдсэн гэж мэдэгдээд байгаа.
Гэхдээ уг төлөвлөгөөг хэлэлцэх явцад Оросын тал оролцоогүй учир дайныг бодитой зогсоож чадах эсэх нь эргэлзээтэй байна.
Хэрвээ Оросын тал төлөвлөгөөг хүлээж авахгүй бол АНУ-аас илүү их зэвсэг, Москвагийн эрх баригчдын эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авахыг хүсэх нь “шударга байх болно” гэж Зеленский мэдэгджээ.
Тэрбээр Украинд санал болгож буй аюулгүй байдлын баталгааг хууль ёсны болгохын тулд ойрын үед АНУ-ын Конгресс “санал хураалт зохион байгуулна” гэдэгт найдаж байгаагаа бас илэрхийлсэн байна.
Уг баталгаа нь НАТО-гийн гэрээний тавдугаар зүйлтэй ижил агуулгатай байхыг Зеленский мэдээлжээ.
Гэхдээ тэр энхийн төлөвлөгөөний хамгийн гол асуудал одоо Донбассын бүс нутгийн хяналт болж буйг хүлээн зөвшөөрсөн байна.
Оросын тал өөрийн эзэлж чадаагүй байгаа хэсгийг оролцуулаад энэ бүс нутгийг бүхэлд нь шилжүүлж өгөхийг шаардаж байгаа.
“Тэд манай Донбассыг хүсэж байна. Харин бид Донбассаа өгөхийг хүсэхгүй байна. Америкчууд буулт хийхийг биднээс хүсэж байгаа. Тэд эдийн засгийн чөлөөт бүс байгуулахыг санал болгож байна. Гэхдээ би дахин нэг удаа онцлон хэлмээр байна. Чөлөөт бүс гэдэг нь Оросын хяналтад байна гэсэн үг биш” гэж Зеленский хэлжээ.
Одоогоор АНУ-ын төлөөлөгчид аюулгүй байдлын баталгааныхаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй байгаа ч энэ нь Украинд тус улсын цэрэг байрлах тухай асуудал биш болохыг баталж байна.
Харин Их Британи, Франц, Герман болон Европын бусад найман улс “хүсэл эрмэлзлийн эвсэл” нэрийн дор цэргүүдээ Украинд энхийг сахиулах, зэвсэгт хүчнийг нь сэргээн босгох зорилгоор байрлуулж, агаарын орон зайг нь хамгаалахаа амлажээ.
Гэхдээ тэд энэ оролцоо нь НАТО-гийн гэрээний тавдугаар зүйлтэй дүйцэх хэмжээний байж чадах эсэхийг хараахан амлаагүй байна.
Өчигдөр Кремлийн хэвлэлийн албаны дарга Дмитрий Песков аюулгүй байдлын баталгааны талаар ямар нэг мэдээлэлгүй байгаагаа сэтгүүлчдэд дуулгажээ.
“Бид одоогоор хэвлэлээс сонссон төдий байгаа тул энэ тал дээр ямар нэг байр суурь илэрхийлэх боломжгүй байна. Одоохондоо бидэнд ямар ч мэдээлэл ирээгүй байна” гэж тэр хэлсэн юм.
Песков цааш нь хэлэхдээ “Манай байр суурь тодорхой. Америкчуудад бид тодорхой, ил тод, ойлгомжтой илэрхийлсэн. Ерөнхийдөө Украинчуудад ч бас ойлгомжтой байгаа” гэжээ.
Эх сурвалж: Associated Press
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!