Ираны арми өөрийн нутаг дэвсгэр дээр анх удаа АНУ-ын нисэх онгоцыг унагаж, нисгэгчийг нь эрэн сурвалжилж байна
Өчигдөр буюу Баасан гарагт Ираны арми өөрийн нутаг дэвсгэр дээр анх удаа АНУ-ын байлдааны нисэх онгоцыг буудаж унагажээ.
Онгоцны хоёр нисгэгч шүхрээр буусны нэг нь аврагдаж, хоёр дахь нь сураггүй болсон байна. АНУ-ын тусгай хүчнийхэн хоёр дахь нисгэгчийг аврах ажиллагааг Ираны нутаг дэвсгэрт явуулж эхэлжээ.
Хэдийгээр ерөнхийлөгч Дональд Трамп, Пентагоны тэргүүн Пит Хэгсэт нар Ираны тэнгэрийг бүрэн хянаж байгаагаа байнга ярьдаг ч АНУ, Израилийн онгоцнуудад эрсдэл өндөр хэвээр байгааг энэ үйл явдал харуулж байна.
Үүнээс гадна Баасан гарагт АНУ-ын бас нэг байлдааны нисэх онгоц Персийн булангийн бүсэд осолдож, тус онгоцны цорын ганц нисгэгч аврагдсаныг Вашингтоны эх сурвалжууд мэдээлжээ.
Хоёр хүний суудалтай F-15E сөнөөгч онгоц Ираны баруун өмнөд бүс нутагт унасан бөгөөд орон нутгийн захирагч үлдсэн нисгэгчийг олзолсон болон алсан хүн бүрийг шагнахаа амласан тухай Тегераны төв хэвлэл мэдээлсэн байна.
Өөрөөр хэлбэл сураггүй болсон нисгэгчийг эрэн сурвалжлах ажиллагааг АНУ, Ираны талууд зэрэг явуулж буй бололтой.
Ираны хэвлэлд нийтлэгдсэн сэгний гэрэл зургуудыг шинжилсэн мэргэжилтнүүд унасан онгоц F-15E Strike Eagle загварын сөнөөгч онгоц мөн болохыг баталжээ.
Тав дахь долоо хоногтоо үргэлжилж буй дайны турш АНУ-ын 13 цэргийн алба хаагч амь үрэгдэж, 300 гаруй хүн шархдаад байгаа.
Дайн сунжрахын хэрээр хохирлын тоо өсөж, цар хүрээ нь улам тэлэх аюул нүүрлэж байна.
Пүрэв гарагт Цагаан ордонд хэлсэн үгэндээ АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп дайн ойрын үед дуусахгүйг баталсны дараа түүхий газрын тосны үнэ 11 хувиар өсжээ.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

