Г.Ганбат: УИХ-ын гишүүдийн задарсан ард түмний зутарсан хоёр яг тэнцэнэ
Авлигатай Тэмцэх Газар (АТГ)-ын дэргэдэх олон нийтийн зөвлөл иргэдийн төлөөлөлтэй хамтран хэвлэлийн хурал зохион байгуулав.
Энэ үеэр УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой эрх зүйн зохицуулалтын асуудлаар дараах байр суурийг илэрхийлсэн юм.
АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Ганбат "УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай 1992 оны Үндсэн хуульд тусгагдсан. Үүний дараа нь 2019 оны Үндсэн хуульд мөн тусгагдсан. Гэвч энэ чиглэлээр ямар нэгэн ажил арга хэмжээ хийгээгүй учраас өнөөдрийн нөхцөлд хүрлээ.
Биднийг төлөөлж бий болсон УИХ-ын гишүүдийн задарсан манай ард түмний зутарсан хоёр яг тэнцэж байна" гэв.
Ёс зүйн зөрчил гаргасан УИХ-ын гишүүдийг эгүүлэн татах тухайд АТГ-ын дэргэдэх олон нийтийн зөвлөл дараах шаардлагыг дэвшүүлж байгааг уншиж танилцуулав.
Тус шаардлагад "Монгол Улсад сүүлийн 30 жилд парламентын засаглалыг гажуудуулсны хамгийн гол шалтгааны нэг бол УИХ-ын гишүүдийн халдашгүй дархан эрхийн хэмжээ хэрээс хэтэрч, хэмжээгүй эрхт хаадын эрх ямбыг эдлэх болсон явдал юм.
Бусад улсын хувьд ёс зүйн хэм хэмжээгээр парламентын гишүүдийг эгүүлэн татах асуудал шийдвэрлэгдэж Эрүүгийн хэрэгт холбогдогчдыг нэн даруй хуулийн байгууллага шалгаж, хариуцлага тооцож байгаа нь шударга ёсны зарчим юм. Гэтэл манай УИХ-ын гишүүд Үндсэн хууль, парламентын тогтоосон хэм хэмжээг зөрчиж, үндэсний уламжлал, ёс заншлыг үл хүндэтгэх, төрийн албаны нэр хүндийг гутаах, үг харилцаа үйлдлээрээ бусдыг дорд үзэх, элдэв зохисгүй доромж үг хэрэглэх, нэгнийгээ гүтгэх, эмзэг мэдээллийг нь тараах, албан бус хувцаслах, хувийн бизнес, гэр бүлийнхээ маргааныг хүртэл сурталчлах, Засгийн газрын ордонд ч архидан согтуурах, түүний улмаас хүн амиа алдах явдал ч гарч согтуугаар хурал удирдах, гишүүд согтуугаар ярилцлага өгөөд зогсох хүртлээ ёс зүйгээ гээчхээд байна.
Түүнчлэн сүүлийн хэдэн жилд Үндэсний аюулгүй байдалд нэн аюултай нөхцөл байдал үүсэж, бүх хуулийг зөрчсөн нүүрсний гэх бүлэглэл ч хүчээ авч, төрийн эрх мэдлийг хууль бусаар авах гэмт хэрэг Парламентын танхимд үйлдэгдлээ.
Луйвар хулгайгаар хөрөнгөжсөн этгээдүүд хууль бус үйлдлээ нуух, хаацайлах, ял шийтгэлээс мултрахын тулд 30 жил УИХ-ын гишүүний халдашгүй дархан эрх гэх зүйлээр хамгаалуулдаг жишиг тогтсон байна. Иймд УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийг УИХ нэн даруй хэлэлцэн баталж, баталсан өдрөөсөө хэрэгжүүлэн мөрдүүлэхийг шаардаж байна” гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
